Энхболд.М Лүндээжанцан.Д Хаянхярваа.Д 2017.05.16 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2017.05.16) Төрийн ордонд боллоо.

Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал, улс төрийн намууд, олон нийтийн түвшинд хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгч санал солилцох зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцоллоо.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг ихээхэн татаж, хүлээлт үүсгэж ирлээ. Иймээс энэ удаагийн Улсын Их Хурал олон түмний санал бодлыг сонсож, хэрэв шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч энэ асуудлыг тусгасан.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс 4 удаа төсөл өргөн баригдаж, энэ чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тодорхой хэмжээнд зөвшилцөл явагдаж ирсэн байдаг. Энэ удаагийн Улсын Их Хурал энэ талаар тодорхой алхам хийж, намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Мөн Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тодорхой санал боловсруулан улс орон даяар судалгаа явуулсан байгаа.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг иргэдийн төлөөллийн оролцоотойгоор хоёр үе шаттай зохион байгууллаа. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр тодорхой хэдэн сэдвийн хүрээнд хэлэцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн байр сууриа илэрхийлж, санал асуулгад хамрагдсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг уг санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна. Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй улс төрийн намууд, төрийн институциудын төлөөллүүд, Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

2013 онд намын даргаар сонгогдсоныхоо дараа улс төрийн намуудын удирдлагуудын түвшинд зөвшилцөл хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш улс орны улс төр, нийгмийн амьдралд тулгамдаж буй тодорхой асуудлуудаар 12 удаа намуудын удирдлагын түвшинд үндэсний зөвшилцлийн арга хэмжээ явагдаж, байр сууриа нэгтгэж ойлголцолд хүрч ирсэн байна.

Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь урьд нь бид бүхний авч хэрэгжүүлж байсан үндэсний зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа ээлжит уулзалт, яриа хэлэлцээ гэж хэлж болох юм гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн төдийгүй засаглалын хямралыг гүйнзгийрүүлсэн гэх зэрэг шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрийдсээр ирсэн. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2001, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж байсан билээ.

Улмаар Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Энэ хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлоход зөвлөлдөх санал асуулга явуулахаар хуульчилсан. Энэ үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээ хийгдэж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай зохион байгуулж, холбогдох үр дүнгийн тайлан, зөвлөмж гаргасны дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, улс төрийн бүх  намд хүргүүлсэн. Одоогоор Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл төслийн талаарх саналаа ирүүлээд байна. Нийгмийн бүх талын төлөөллүүдийн саналыг авч төсөлд нэгтгэн тусгаж эцэслэн боловсруулсны дараа Улсын Их Хуралд өргөн барих чиглэлээр ажиллана. Эцэст нь ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа. Зөвшилцөл үр дүнтэй болж, төсөл ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж байгаа гэдгийг Ажлын хэсгийн ахлагч хэллээ. 

Дараа нь уулзалт хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид Монгол Улсын Үндсэн хуудьд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага, Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлгийг хааж үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Иймээс энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно гэдгийг онцоллоо