ОУВС-гийн төлөөллүүд сарын хуралд оролцлоо
2017.05.16

ОУВС-гийн төлөөллүүд сарын хуралд оролцлоо

Монголын Бизнесийн Зөвлөлийн сар бүрийн ээлжит хурал энэ сарын 15-нд Кемпински зочид буудалд амжилттай болж өнгөрлөө. 

Хуралд ОУВС-гийн монгол дахь төлөөлөгч Нийл Сакер “Монгол Улсын урьдач нөхцөл байдал”, ОУВС-гийн Ази-Номхон далайн бүсийн захирал Ранил Салгадо “Бүсийн эдийн засгийн хөгжил” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Нийл Сакерийн тухайд Монголын Засгийн газар зардлаа багасгаж, төсвөө хянах хэрэгтэй гэдгийг сануулж байлаа.

Тус зөвлөлийн сарын ээлжит хурал “Хилийн чанад дахь уриалга: Экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Монгол Тээвэр Нэгдэл”-ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд, “Глогекс” ХХК-ийн захирал Л.Наранбаатар нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр тэдний илэрхийлсэн байр суурийг товчлон хүргэе:

Ц.Түмэнцогт: Засгийн газар экспортыг дэмжих шаардлагатай. Дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн нүүрс угаах, зэс хайлуулах гэх мэт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөж байна.

Л.Наранбаатар: Аж ахуйн нэгжүүд Монголын зэсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр олон ажил хийж байгаа боловч Засгийн газар боломж олгохгүй байна.

С.Ганболд: “Өдөрт дунджаар 1000-1100 машин хил давдаг. Гэхдээ хил давах ажиллагаа их удаан байгаа. Жолооч ганц товчлуур дарахын тулд заавал машинаасаа буух хэрэг гардаг.”

Бизнесийн зөвлөл өнгөрсөн сард онгоцны тийз борлуулагч Эйрлинк Монголиа, хүнсний манлай үйлдвэр АПУ ХХК болоод уул уурхай, хүнд үйлдвэр, хүний нөөцийн салбарын компаниудаар эгнээгээ тэлжээ. Эдгээр компани өөрсдийн үйл ажиллагаагаа сарын хурлын эхэнд товч танилцуулсан юм.