Автотээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай
2017.05.17

Автотээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай

Улаанбаатар хот – Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) 5-р сарын 15-нд сар тутмын ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “Худалдаа ложистикийн асуудлууд – Экспортыг нэмэгдүүлэх нь” сэдэвтэйгээр Кэмпински зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг МБЗ-ийн Худалдаа, ложистикийн ажлын хэсгийн дарга, Ландбридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хөтөлж, зочид төлөөлөгчдөөр Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Монгол тээвэр нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Ганболд, Гложэкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн нар оролцлоо. Мөн уулзалтад ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нар Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийн төлөв ба Монголд үзүүлэх үр нөлөөллийн талаар илтгэл тавив.

2016 оны 2-р улирлаас эхлэн нүүрсний үнэ өсч, 2017 онд тогтворжин 2018 оны сүүлээр эргээд буурах хандлагыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт онцоллоо. Нүүрсний үнийн өсөлттэй уялдаж зам тээврийн голлох асуудал нь одоо байгаа зам болон хилийн боомтын хүчин чадал хэвээр байгааг тэрээр тэмдэглэлээ. Тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, хилийн боомтын хүчин чадлыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна хэмээв. 

Хилийн боомтын нэвтрүүлэх процесс удаан байдгаас улбаалж 60 км-т 1000 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл түгжрэлд ордог тухай Монгол тээвэр нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Ганболд мэдээлэв. Энэ асуудлыг шийдэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, технологийн шинэчлэл хийх, зэрэгцээ засмал зам барих, хилийн боомтын дэргэд 1000 хүртэлх тээврийн хэрэгслийн багтаамжтай түр байршуулах талбай бий болгох гэх мэт саналыг тэрээр дэвшүүллээ. Мөн С.Ганболд нүүрсний тээвэрлэлтийн ажлын нөхцөл харамсалтай дүр зурагтай байдаг ба ямар ч ажлын байранд хүнээ эхэлж бодох шаардлагатай байгааг онцлов.

Одоогийн байдлаар өдөрт 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг ч засмал замын эвдрэл, зохицуулалтын асуудлаас болж хил нэвтрэх процессд хүндрэл учирдаг тухай Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн тэмдэглэв. Тээвэр зохицуулалтыг сайжруулахын тулд “QR code”-ыг тээврийн хэрэгслүүдэд олгож, бүртгэлийн мэдээллийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн тухай тэрээр мэдэгдлээ.

Экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг аюулгүй, тогтвортой болгох, олон улсын боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудад бүх оролцогч талууд хамтран анхаарлаа хандуулж, шийдэл олох дээр хэлэлцүүлэгт оролцсон талууд санал нэгдэ

Ази-Номхон далайн бүс нь эдийн засгийн өсөлтийн төв цэг хэвээр байгааг ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо онцолоо. Азийн хөгжиж буй зах зээлүүд эдийн засгийн гэнтийн нөлөөлөлд тогтортой байх төлөвтэй ч банкны салбарын капиталын хэрэгцээ эмзэг хэвээр байна.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм.