2017.05.17

Ард нийтийн санал агуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах уу?

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг яаралтай дэгээр хэлэлцэж 100 хувь дэмжлээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санал асуулга явуулах зардлын талаар тодруулсан юм. 

Хуулийн төсөлд, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7.7 дахь хэсгийн “65-аас доошгүй” гэснийг “21-ээс доошгүй” гэж өөрчилнө гэж заажээ. 

Тодруулбал, санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэж байсныг 21-ээс доошгүй гэж өөрчлөхөөр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-нд явагдах бөгөөд 40 хүрэхгүй хоног үлдээд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард түмнээсээ асууя гэвэл хуулийн хугацааг өөрчлөх шаардлага үүсч байгаа юм. 

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед төсөв, санхүүг хэмнэх үүднээс ийнхүү сонгуулийн санал хураалт, санал асуулгыг хамтатгах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзэж байна. Хэрэв хамтатган явуулахаар шийдэгдвэл санал хураах хуудасны нэг талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрс, нөгөө талд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуулга байх юм. Энэ хуудсыг санал тоолох автомат машин төвөггүй уншина гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбарлалаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулахад 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Сангийн яам гаргасан байна. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай санал асуулгыг хамтатган явуулснаар тодорхой хэмнэлт гарна. Санал асуулгыг хэзээ, ямар хэлбэрээр явуулахыг эцэслэн шийдсэний дараа нарийвчилсан тооцоо гаргана гэж тус яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт мэдээллээ.  

Уг хуулийн төсөл батлагдаж, 6 дугаар сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулах бол түүнээс өмнө нэг сарын хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар олон нийтэд сурталчлан таниулах компанит ажил өрнөнө. Энэ ажилд 20 гаруй тэрбум төгрөг шаардагдана гэж хуулийн төсөлд дурджээ.

Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс Үндсэн хуулиар мэргэшсэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, нийслэл хот, 21 аймагт судалгаа явуулан, судалгааны үндсэн дээр Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулсан юм. Санал асуулгад 700 гаруй төлөөлөгч 49 хэсэгт хуваагдан хэд хэдэн тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнд, 

- Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах

- Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох

- Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх

- Улс төрөөс хараат  бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх

- Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах

- Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байна.