Тэрбишдагва.Д Энх-Амгалан.Л Ганбаатар.Ж 2017.05.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцууллаа.

Усан замын тээвэр үйлчилгээг аялал жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ нь өргөжихийн хэрээр иргэдийн амь, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа нь өнөөгийн усан замын хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс усан замтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, ажлын дэд хэсгээс бэлтгэсэн материалуудтай танилцсан байна. Ингэснээр усан замын тээврийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, аливаа дүрэм, журам, тусгай зөвшөөрлөөр тэдгээрийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байх, хүнд сурталын эх үүсвэр болох ямар нэг заалтыг төсөлд тусгахгүй байх, усан замын тээврийн үйлчилгээнд хяналт тавих, зохицуулах талаарх орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх,  усан замын тээврийн хэрэгслийг ашиглах, бүртгүүлэх талаарх тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам гаргах, ойр ойрхон өөрчилж иргэдэд хүндрэл учруулах байдал гаргахгүй байх болон хариуцлагын талаарх зохицуулалтуудыг тодорхой болгохоор зарчмын зөрүүтэй 13 саналын томъёолол, найруулгын шинжтэй 12 саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа саналын томъёлол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “3.1.15 “усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг” гэсэн агуулга бүхий заалт нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн төслийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “импортоор оруулж ирж буй усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журмыг батлах”, “усан замын тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох” зэрэг 5.1.4, 5.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томъёоллоор санал хураалт явуулсны эцэст Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.