Баасанхүү.О 2017.05.18 | Сайт: Vip76.mn

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо

Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо
Эрдэнэт хот

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.18/ эхэллээ. 

Яг одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Өнөөдөр, маргааш энэ хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл тэргүүтэй 12 асуудлыг хэлэлцэх юм. 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд оролцох боломжгүй байсан тул энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хүссэн. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг нэн тэргүүнд хэлэлцэхгүйгээр дахин нягтлах шаардлагатай байна гэсэн юм. 

Тэрээр Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байна, байхгүй, хөөн хэлэлцэх хугацаагүй болгоно гэх зэргээр маргаантай асуудал олон байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулах санал гаргалаа. 

Түүний саналыг сонссон УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын 12-т Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сантай холбоотой тогтоолын төслийг оруулсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо. 

Г.Мөнхтуяа