Болорчулуун.Х Чинзориг.С Бат-эрдэнэ.Ж Ганбаатар.Ж Оюунчимэг.М 2017.05.18 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдав

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдав

Дэд хорооны үйл ажиллагааны тайланг танилцууллаа

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо (2017.05.16 Мягмар гараг) хуралдан дөрвөн асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус дэд хорооны тайланг УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.

Тус дэд хорооноос жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан, батлуулсан байна. Үүнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас мөн чөлөөлүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр салбарын яамтай хамтран ажиллаж байгаа гэв.

Түүнчлэн 800 гаруй төлөөлөгч оролцсон Монгол Улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг салбарын яамтай хамтран зохион байгуулсан байна.

Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах үүднээс БНСУ, АНЭУ, БНСВУ, Канад Улс, БНЧУ-ын Элчин сайд нартай уулзаж жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, хууль эрх зүйн орчны талаар туршлага судалж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон болохыг танилцуулсан юм.

Мөн “Шилдэг бизнес төсөл”-ийг Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд залуусыг бизнест уриалсан, гарааг нь эхлүүлэх энэ төслийг ХХААХҮЯ-тай хамтран цаашид улсын хэмжээнд явуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав.

Худалдааны хуулийг өөрчлөх шаардлагын талаар мөн танилцуулсан. Цаашид тус дэд хороо амжилттай ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм.

ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсов

Үргэлжлүүлэн Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

Бизнес регистерийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 81 хувь нь буюу 51917 аж ахуйн нэгж буй жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа аж.

Энэ салбарт 719172 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллан хүчний 67 хувийг эзэлж байгаа ба үүнээс 297828 нь малчин, 210148 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм байна. Тус салбар ДНБ-ийн 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэж байгаа аж.

Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 85 хувь нь 1-9 хүртэл, долоон хувь нь 10-19 хүртэл, 5.2 хувь нь 20-49 хүртэл, 2.8 хувь нь 50-иас дээш тооны ажилтантай байна. Борлуулалтын орлогын ангилалаар авч үзвэл 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой нь 88896 аж ахуйн нэгжээс 37821 нь үйл ажиллагаа явуулаагүй, 4837 нь борлуулалтгүй, 30123 нь 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай байгаа гэв.

Нийт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгч 51075  аж ахуйн нэгжийн 60 хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгчид байдаг байна.

Тус салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтуудын хүрээнд төрийн худалдан авалтаар дэмжих, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжих, чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход дэмжлэг үзүүлэх, хил орчмын худалдааг өргөжүүлэх, олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцоог дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр туршлага судлах аялал, ажлын байран дахь сургалт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн ур чадварыг сайжруулах, үндэсний томоохон үйлдвэрийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластерийг бий болгох, инноваци, технологи шинэчлэлт болон судалгаа хөгжлийг дэмжих ажлыг хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэлдээ дурдсан юм.

Мөн тэрбээр 2016 оны хөнгөн үйлдвэрийн нөхцөл байдал, тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан дүнгээр 1.7 тэрбум төгрөгт хүрсэн нь 2016 онтой харьцуулахад 5.4 хувиар өсчээ.

Салбарын хэмжээнд нийтдээ 2000 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 2017 оны эхний улирлын байдлаар 12000 хүн ажиллаж байгаа аж. Хүнсий үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн хэд хэдэн актыг шинэчлэн боловсруулаад байгаагаа мөн ХХААХҮ-ийн сайд танилцууллаа.

Ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын гэсэн 14 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 14.1 хувиар өссөн байна.

Түүний дотроос боловсруулах аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2 их наяд төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийн жин 20 хувьд хүрчээ. Ноос ноолуур, арьс шир, мод модон эдлэлийн үйлдвэрүүд нь нийт хөнгөн үйлдвэр 60 хувийг эзэлдэг байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт нийтдээ 48800 орчим хүн ажиллаж байгаа гэсэн тоон мэдээллийг холбогдох газруудаас гаргажээ.

Манай орны хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбар мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурладаг бөгөөд Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо толгой өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдсэн байна. 2017 онд ноолуур 9400 тонн, ноос 29000 тонн, арьс шир 14 сая ширхэгийг бэлтгэх урьдчилсан таамаглалтай байгаа гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Монгол Улсад үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил нэр, төрлийн импортын бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх талаар тодорхой жагсаалт гаргах шаардлага байгаа талаар дэд хорооны өмнөх хуралдааны үеэр ярилцсан гэв. Тодорхой жагсаалт гаргах үүрэг авсан ХХААХҮЯ үүргээ биелүүлсэн эсэхийг тодрууллаа.

Мөн тэрбээр үндэсний үйлдвэрлэгчид ОХУ руу бараа, бүтээгдэхүүнээ гаргахад гаалийн албан татвар нь 65 хувь хүртэл, БНХАУ боловсруулсан бүтээгдэхүүнд 49 хувь хүртэл ногдуулдаг, харин манайх импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн албан татвар 5 хувь байдгийг дурдав.

Манай гурван улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн атлаа экспорт, импортын хувьд харилцан адилгүй байгааг анхаарч өндөр дээд түвшний уулзалт, хэлэлцээ хийх үеэрээ уг асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдаас үндэсний үйлдвэрлэгчдийн экспортыг дэмжин ажиллах онцгой үүргийг ХХААХҮЯ-нд өгсөн бөгөөд энэ дагуу тус яам олон ажил хийж байгааг П.Сэргэлэн сайд хэллээ.

Тухайлбал, ОХУ-ын талд монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эскпортлох талаар санал тавьсан, хил орчмын худалдааг явуулж, үзэсгэлэн зохион байгуулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв.

Мөн БНХАУ-д Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, хил орчмын худалдааг амжилттай явуулж байгаа аж.

Борлуулалт өсөхийн хэрээр үйлдвэрлэл өргөжих, бараа бүтээгдэхүүн чанаржих, ажлын байр нэмэгдэх, шинэ технологи техник нэвтрэх бололцоо бүрдэнэ хэмээн тооцож салбарын яамнаас экспортыг дэмжин, үйлдвэрлэгчдэдээ зах зээлийг нээж өгөх ажлыг тэргүүн зорилт болгон үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

Гэхдээ дотоодод үүсч буй нэг бэрхшээл нь боловсон хүчний мэдлэг, чадвар дутуу байгаа. Мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулж, үүнээс үүдэн дотоодын стандарт, дүрэм, журам мөрдөгдөхгүй маш хүндрэлтэй байдал үүссэн байгаад анхаарал хандуулах шаардлага бий гэлээ.

Дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил нэр, төрлийн импортын бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвартай холбоотой олон санал, хүсэлт ирсэн бөгөөд салбарын яам судалгаа хийж жагсаалт гарган Сангийн яаманд хүргүүлжээ.

 Сангийн сайдаар ахлуулсан Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцэн, баталсан тохиолдолд Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлэх юм.

Гаалийн татварын харилцан адилгүй байгаагийн шалтгаан нь 1990-ээд онд анх Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ямар ч саналгүйгээр орсонтой холбоотой гэлээ. Харин бусад улс орон дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор тодорхой санал тавьж элсдэг.

Тухайлбал, Япон Улс цагаан будааны импортод 90 хүртэл хувийн татвар ногдуулах саналтайгаар элсэж байсан. Харин Монгол Улс ямар ч санал тавилгүйгээр элссэн гэдгийг П.Сэргэлэн сайд хэллээ.

Нөгөө талаар, импортын татварыг нэмэгдүүлэхэд энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх эрсдэл бий гэдгийг тэрбээр онцоллоо. Тухайлбал, манайд өндөр чанарын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хэд хэдэн өндөгний үйлдвэр бий, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой хэдий ч импортолсоор байгаа тул тэдгээрийн 2-3 нь дампуурлын ирмэгт ирээд байгаа.

БНХАУ-аас өндөг импортлох асуудлыг хязгаарлаж чадсан ч ОХУ-аас зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний өндөр орж ирж байгааг шийдвэрлэх аргагүй байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэгчид гаалийн татварын нэмж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг, харин худалдааны бизнес эрхлэгчид нэмж болохгүй гэсэн зөрчилтэй байр суурийг илэрхийлдэг нөхцөл байдал бий гэв. Барилгын материал, хүнс, хүнсний ногоо, жимс, нөөшилсөн бүтээгдэхүүн, модон эдлэл дээр адилхан нөхцөл байдал үүсээд байгаа гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

экспорт хийж буй үндэсний үйлдвэрлэгчдээ салбарын яамнаас бүх талаар дэмжих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд цаашид бодлогын ямар төлөвлөгөөтэй байгааг асуулаа. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд зохицуулах хороо нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, цаашлаад УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа гэдгийг П.Сэргэлэн сайд хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

салбарын яам 30 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрлэлээ дэмжих үү, гурван хүнийг ажлын байраар хангах худалдааг дэмжих үү гэдэг асуудал дээр зөв бодлогоо баримтлаад, зоригтой ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн тэргүүн бодлого бол ноолуурын үйлдвэрлэл байх боломж бий хэмээн тодорхой баримт, тоо үндэслэн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага ажиллуулах, боловсон хүчний бодлогод ХНХЯ, ХХААХҮЯ хамтран ажиллах, суманд ажлын байрыг бий болгож буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг төр засгаас бодлогоор дэмжих асуудал нь тун чухал гэдгийг хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр Элчин сайдын яамдтай хамтран ажиллах, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх шахалт үзүүлэх боломж байгааг тус дэд хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ.

Мөн гадаадын томоохон үйлдвэрүүдийн салбарыг Монгол Улсад байгуулах, үүний зэрэгцээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх чухал гарц байдгийг сануулсан юм. Цаашид төр засгаас энэ чиглэлд салбарын яамны бүрэлдэхүүнд агентлаг ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй мэдээлэлтэй холбогдуулан цаашид салбарын яамнаас хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон эрх зүйн орчныг сайжруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун нар санал хэллээ.

Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэлтэй танилцсан юм. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулдагдан ажиллаж байгааг тус дэд хорооны дарга Ж.Ганбаатар дуулгав. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа нэн тэргүүнд жижиг дунд үйлдвэрлэлийг бичил, жижиг, дунд, том хэмээн ангилах, эдгээрээс бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг зохицуулахаар төсөлд тусгах саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2007 онд батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага байгааг онцоллоо.

Хуулийн төслийг боловсруулахдаа манай улстай төстэй нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй бусад орны амжилттай туршлагыг судалж, тэдгээрийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Хуулийн төслийг боловсруулах шаардлага өндөр байгаа ч сайтар судалж, тооцоолсны үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн илэрхийлэв.

Ийнхүү дэд хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд болон ХХААХҮ-ийн сайд, мэргэжилтнүүд жижиг, дунд үйлдвэрийг зохицуулах эрх зүйн орчны талаар болон Худалдааны тухай хуулийн төслийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм