С.Ганбаатар: О.Баасанхүү гишүүн бид хоёр ойлголцсон
Эдийн засагч С.Ганбаатар
2017.05.18

С.Ганбаатар: О.Баасанхүү гишүүн бид хоёр ойлголцсон

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг нь дэвшүүлсэн. СЕХ өчигдөр албан ёсоор бүртгэж авлаа. МАХН 100 гаруй жилийн түүхтэй ууган намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох болсноо мэдэгдэж байна. Монголын ард түмэн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхийг хүлээж байсан ч МАНАН-гийн явуулгын улмаас нэр дэвшиж чадаагүй. Гэсэн хэдий ч шударга, нэр цэвэр, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ" гэдгийг мэдээллийнхээ эхэнд  онцлосон.

Харин МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар "Өнгөрсөн найман жилийн турш би баялгийн эх орон болгох асуудлыг ярьсаар ирсэн. Дипломын тухайд, долоон жилийн өмнө гэрээний маргаан өрнөж, мэтгэлцээн зохин байгуулж байхад надтай мэтгэлцэгч асар өндөр боловсролтой нэгэн байсан. Харин долоон жилийн дараа С.Баярцогт бид хоёрын хэн нь илүү боловсролтой вэ гэдгийг олон нийт үнэн зөв дүгнэнэ байх аа. Харин О.Баасанхүү гишүүний хувьд бид ойлголцсон. Намайг дэмжинэ гэж итгэж байна. Өнгөрсөн парламентын үед бид амаргүй давааг хамтдаа туулж, гүтгэгдэж, доромжлуулсаар ирсэн. Тиймээс ч ойлголцоод цаашаа явах бүрэн боломжтой гэж бид харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь миний хувьд гэнэтийн шийдвэр байсан. Бага чуулганы өмнөхөн энэ асуудал шийдэгдсэн гэж болно. Надад болон МАХН-д энэ улсыг их өрнөөс гаргах, хөгжүүлэх төлөвлөгөө байна. Ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хуагцаанд би олигархиудтай тэмцсээр ирсэн. Энэ бүх хугацаанд намайг дэмжиж, хамгаалж байсан ард түмэндээ баярлалаа" гэв.

Б.Батчимэг