Энхболд.М Нямбаатар.Х Учрал.Н 2017.05.18 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн теслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэж заасны дагуу “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Харин тогтоолын төсөлд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль  /Шинэчилсэн найруулга/,  Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Мөн дээрх хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгажээ.

Дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын гишүүдийн дэмжлэгийг авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.