ЭМД-ын ашиг тусыг үл ойшоодгоос даатгалын үнэ цэнийг алдагдуулдаг
2009.10.02

ЭМД-ын ашиг тусыг үл ойшоодгоос даатгалын үнэ цэнийг алдагдуулдаг

-Намрын чуулганаар ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулна-

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан сэтгүүлчдэд “Эрүүл мэндийн даатгал” сургалт зохион байгуулж эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо. Сэтгүүлчдийн үгийг ийн сонсч, хуулийн төсөл боловсруулахдаа тусгахаар хууль тогтоогчид “тоосон” нь сайшаалтай.
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Манай байнгын хороо УИХ-ын намрын чуулганаар Эрүүл мэнд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Эм, эм хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Сүүлийн үед иргэдийн дунд Эрүүл мэндийн даатгалын нэр хүнд унах болсон. Учир нь иргэд эрүүл мэндийн даатгалд чамлахааргүй мөнгө төлдөг хэдий ч эмчилгээ, үйлчилгээ авах үедээ эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн сонголтоор хийх боломжгүй.

Эрүүл мэндийн даатгал нь Нийгмийн даатгалын сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг болдгоос хоёрдогч байр сууринд тавигдах болсон. Уг нь Эрүүл мэндийн даатгал хүн амыг эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлээс хамгаалах, төлбөрийг төлж болохуйц үнээр хүргэх зорилго агуулдаг. Гэвч ийм байж чадаагүйн учир шалтгаан ЭМД-ын нэгдсэн бодлогогүй, хууль эрхзүйн хүрээнд хамтрагч талуудын эрх үүргийн хуваарилалт тодорхой биш, хамтын ажиллагаа хангалтгүйтэй холбоотой. Цаашид эрүүл мэндийн даатгалын шинэчлэлд улстөрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, улстөрчид, дээд төвшний шийдвэр гаргагчдын зөвшилцөлд хүрэх чадавхийг дээшлүүлэх, даатгуулагчдын ЭМД-ын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон төрлийн ажил хийхээр төлөвлөсөн” гэв. Тус байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалыг боловсронгуй болгох талаар Азийн хөгжлийн банкны “Дээд төвшний шийдвэр гаргагчдын дунд нийгмийн зөвшилцлийг хангах замаар ЭМД-ын тогтолцоог шинэчлэх нь” төсөл, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн бие даасан шинжээчдийн багтай хамтран ажилладаг байна.

Манай улсын эрүүл мэндийн салбарт цөөнгүй төсөл хэрэгждэг бөгөөд хэвлэл мэдээллийн салбаруудаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, ашиг тусын талаархи зөв ойлголтыг нийгэмд өгөхийн тулд төслүүдийн багагүй хэсгийг энэ талд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг ажээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн шинжээчдийн багийн шинжээч Ц.Цолмонгэрэл, Э.Эрдэнэчимэг, Булганчимэг нар манай Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, хэлбэр, үзэл баримтлалын талаар илтгэл тавьсан юм.

ЭМД 1883 онд үүсч, манайх 1994 оноос хэрэгжүүлсэн

Эрүүл мэндийн даатгал анх 1883 онд Германд үүссэн бөгөөд бага орлоготой иргэдэд зориулжээ. Ингэснээр анхны даатгалын хуулийг баталж, ажилчдын 26, нийт хүн амынхаа 10 хувийг хамруулжээ. Улмаар өргөжин тэлж 1914 онд төрийн албан хаагчид, 1918 онд ажилгүйчүүд, 1972 онд газар тариалан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг, 1975 онд оюутнуудыг хамруулсан бөгөөд 100 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлсний эцэст бүх нийтийг хамруулсан байна. Аль ч улс оронд Эрүүл мэндийн даатгалд сайн дураар хамрагдах хэлбэрийг голчилдог учраас нийтээр хамрагдах үзэгдэл элбэг биш аж. Хамгийн богино хугацаа буюу 26 жилийн дотор Өмнөд Солонгос бүх хүнээ эрүүл мэндийн даатгалд хамруулж чадсан байна. Харин манай улс 1994 онд л Эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлсэн бөгөөд 1996 он гэхэд хүн амын 95 хувь нь хамрагдаж байжээ. Гэвч яваандаа буурсаар иргэдийн дунд даатгал төлөөд тэр хэмжээндээ тэнцэхүйц эрүүл мэндийн үйлчилгээг үнэ, төлбөргүй авч чаддаггүй гэсэн ойлголт түгээмэл болсны улмаас Эрүүл мэндийн даатгалд хамрагдагсдын тоо жил ирэх тусам буурах хандлагатай болжээ. 2006 онд УИХ Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоо¬тойгоор Эрүүл мэндийн даатгалд хамрагдагсдын тоо 73.4 хувь болтлоо буурсан нь нэгийг хэлнэ. Эрүүл мэндийн даатгалд Сангийн яам, ЭМЯ, НХХЯ зэрэг оролцогч талууд байдгаас дунд нь завсардаж үнэгүйдэх нөхцөл бүрддэг аж. Энэ бүхний эцэст санхүүгийн нэгдмэл бус тогтолцоо, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагын хуваарилалт тодорхой бус, давхардал их, эрүүл мэндийн даатгалд оролцогч талуудын зөвшилцөл, хамтын ажиллагаа хангалтгүй болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан даатгуулагчдын мөнгийг хэрхэн яаж зарцуулж буй нь хяналтгүй гэсэн шүүмжлэл бий. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо болон Засгийн газрын төлөөллийн оролцоотойгоор байгуулснаар даатгуулагчдын мөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулж буйг хянах боломж бүрдсэнийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол онцолж байсан. Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам бийг шинжээчид судалжээ. Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан байх, хамтрагчдын эрх тэгш, үр дүнтэй оролцоог хангах, даатгалыг хөгжүүлэх стратегийн бодлогыг гүйцээн боловсруулах, даатгуулагчид чанартай тусламж үйлчилгээ авах хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага тулгарчээ. Эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн, үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, бүтэцтэй болсон, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн найдвартай эх үүсвэртэй, хүн амынхаа дийлэнх хувийг хамруулсан гээд ололттой зүйл ч цөөнгүй бий. Гагцхүү чанар, үр дүн гологдоход хүрчээ.

Эрүүл мэндийн хувийн даатгалд иргэдийг хамруулах боломжтой юу

Ийм асуултад судалгаа хийсэн шинжээчдийн багийн гишүүд хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариулт өгсөн. Харин НББСШУ-ны байнгын хорооны дарга нь “Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн хувийн даатгалтай холбоотой тодорхой биш ч заалт байдаг” гэв. Гэхдээ эрүүл мэндийн хувийн даатгал манайд хэрэгжүүлнэ гэвэл арай эртдэж ч мэдэх бололтой. Учир нь иргэдийнх амьдрал чинээлэг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой аж. Цөөнгүй улс орон эрүүл мэндийн хувийн даатгалыг хэрэгжүүлсэн, хөгжүүлэх гэж оролдсон туршлага байдаг гэнэ. АНУ ийм арга хэрэгжүүлсэн ч 65 хүртэлх насны хүн амынх нь 18 хувь буюу 45 сая хүн хамрагдахгүй байсаар өдий хүрчээ. АНУ-ын эрүүл мэндийн даатгалын 35 хувийг хувийн, 43 хувийг улсын санхүүжилт эзэлдэг байна. Харин Германд тухайн иргэний жилийн орлого 45.900 еврогоос дээш гарсан тохиолдолд л эрүүл мэндийн хувийн даатгалд хамруулахыг хуулиар зөвшөөрдөг аж. Ази тивд эрүүл мэндийн хувийн даатгалыг хэрэгжүүлсэн туршлагаараа Сингапур тэргүүлдэг. Ингэхдээ сард 4.500 синг.доллар, жилд 33.500 синг.доллар төлөх хэмжээ тогтоосон ч 2008 оны байдлаар 55 нас хүрсэн хүн амынх нь 58 хувь нь зохих хэмжээний тоо заасан мөнгийг нь хуримт¬луулжээ. Энэ бүхнээс өнгөц дүгнэхэд хүн амын амьжиргааны төвшин доогуур бага орлоготой, ажилгүйдэл ядуурал ихтэй манай улсын хувьд эрүүл мэндийн хувийн даатгалыг хэрэгжүүлэх гэдэг хэцүүхэн даваа болох нь тодорхой. Харин эрхзүйн орчинг тодорхой болгож одоогийн мөрдөж буй тогтолцоогоороо явах нь чухал ч гэмээр юм шиг. Ямартаа ч намрын чуулганы үеэр Эрүүл мэндийн даатгалтай холбоотой иргэдэд хүндрэл учруулдаг асуудлуудыг шийдвэрлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх бололтой байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.