Баасанхүү.О 2017.05.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Зөвхөн үндэслэл бүхий баримтаар гэмт хэргийг шалгах ёстой

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор "Төслийн 32.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: 4. Нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана" гэсэн санал байсан юм.

Уг саналын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй бол гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яллагдагчийн нөхцөл байдалд эргэлзээ бүхий баримт нотолгоо илрэх юм бол яллагдагчид ашигтайгаар шийднэ гэж байдаг. Зөвхөн үндэслэл бүхий баримтаар гэмт хэргийг шалгах ёстой. Гэтэл манайд эхлээд нэг хүнийг авилгалын хэргээр бариад батлагдахгүй бол татвараар шалгана гэх мэт нэмээд л яваад байдаг. Ямар нэгэн хэргээр ял оногдуулах гээд хичээгээд байдаг" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

О.Баасанхүүг саналаа хийж дууссаны дараа санал хураалт явагдаж, уг санал 62.0 хувиар дэмжигдлээ.