Баасанхүү.О Учрал.Н Оюунчимэг.М 2017.05.18

Шүүхээс хэргийг прокурорт буцаах нь зөв үү?

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. 

Байнгын хорооны дэмжсэн санал дотор Төслийн 34 дүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 34.18 дугаар зүйл нэмэх:

“34.18 дугаар зүйл.Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах

1.Шүүх дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана:

1.1 .хэргийг буруу тусгаарласан бол;

1.2.        шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;

1.3.        мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол;

1.4.        прокурор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардпагатай гэж үзсэн бол.

2.Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана” гэсэн заалт байсан. юм. Уг заалтын талаар УИХ-ын хэд хэдэн гишүүд санал хэллээ.

О.Баасанхүү:

Энэ заалтаар бол хуралдааны явцад хэд хэдэн үндэслэлээр буцаах юм байна.

Энэ заалтыг оруулж ирснээр шүүх хуралдаанд ямар ч мэтгэлцээний зарчим байхгүй болно. Энэ заалтанд прокурор хэргийг хүссэн үедээ буцаах боломжтой болно. Шүүгч хөнгөрүүлсэн ял өгөх боломж хаагдана. Ихэнхи хэрэг буцхаараа ял нь хүндэрдэг. Цагааддаг тохиолдол бараг байдаггүй.

М.Оюунчимэг:

Прокурор өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр буруу хэрэг хийснээ гэнэт ойлгоод яллах дүгнэлтээ өгөх нь зохимжгүй. Анхнаасаа буруутай, үгүйг нь тогтоогоод, хүнд, хөнгөн яллах дүгнэлтээ өгөөд шүүх дээрээ танилцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол прокурор нь шүүхийнхээ дээр гарсан заалт байна.

Н.Учрал:

2015 онд Ардчилсан нам анх энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ шүүхээс буцаах зохицуулалтыг анх оруулж ирсэн. Нотлох баримт нь хангалттай биш байгаа тохиолдолд тухайн шүүгдэгчийг яллах эсвэл цагаатгах нь зохимжгүй. Энэ хуулийн гол зарчим бол бодит байдлыг тогтоох. Бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг хангалттай цуглуулах ёстой. Прокурор хөнгөн гэмтэл гэж үзэж яллах дүгнэлтээ үйлдсэн байхад бодит байдал дээр шүүх дээр очоод хүнд гэмтэл учирсан дүгнэлт гарвал шүүхээс прокурорт буцаагаад зүйлчлэлийг өөрчлөх ёстой.

Гишүүд үгээ хэлж дууссаны дараа санал хураалт авахад уг санал 64,6 хувиар уналаа.