Номтойбаяр.Н Амгаланбаатар.Х 2017.05.19 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Ирэх сард гурван тал нэмэлт хэлэлцээ хийхээр тогтлоо

Ирэх сард гурван тал нэмэлт хэлэлцээ хийхээр тогтлоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал Төрийн ордны Б танхимд өнөөдөр боллоо. Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ тус хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн явцын талаар ярилцсан байна. Хэлэлцээрийн биелэлт таван сарын байдлаар 60 гаруй хувьтай байгаа аж.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад төр, хууль гэж байдаг бол хууль хэрэгжих ёстой. Бид хуулиа хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээр батлагдсанаас хоёр сарын дараа хэлэлцээрийн дөрвөн ч заалтыг Засгийн газар зөрчиж ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Манай зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах саналыг таван удаа тавьсан. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын төвшинг харахад энэ удаагийн Үндэсний хорооны хурлыг оройтож хуралдуулж байна. Иймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийх саналтай байна” гэлээ.

Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэнд хариуцлага тооцох талаар болон МҮЭ-ийн холбооны тавьсан саналыг Засгийн газар хүлээж авах боломжтой эсэхэд хариулт авч, хэлэлцээг эхлүүлэх саналтай байгаагаа АОЭНХ-ны захирал Х.Ганбаатар илэрхийлсэн юм.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдахдаа зарим нэг асуудалд аргачлалын хувьд алдаатай хандсан зүйл бий. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдах болсноор эдийн засгийн өсөлт сайжрах төлөв ажиглагдаж байна. Өнөөдрийн энэ хурлын талаар энэ сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Мөн УИХ-ын даргад танилцуулж УИХ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулах санал хүргүүлье. Ингээд Засгийн газраас өгөх тодорхой чиглэлтэйгээр нэмэлт хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналтай байна. Зургаадугаар сарын эхний долоо хоногт багтаан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээг хийх саналтай байна” гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт  хэлэлцээр байгуулах талаар санал нэгдэв.