Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган
2017.05.19

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

Төсөл санаачлагч илтгэлдээ, 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг  байгуулан 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлтээ гаргасан.

Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан гэдгийг дурдлаа.

Уг тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлсний дагуу уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд хүргүүлсэн юм.

Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэдгийг Ж.Мөнхбат сайд танилцуулгадаа онцоллоо.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

Харин Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.

Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр таницуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн тул улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд ихээхэн зардал шаардагдах энэхүү арга хэмжээг зардал багатайгаар, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай байна.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган явуулах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзэж Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг дурдлаа.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана.” гэж заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 хоног үлдсэн байгаа тул Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн санал асуулгыг товлон зарлах хугацааг “65-аас доошгүй” гэснийг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулгадаа онцлов.

Төсөл санаачлагчийн илтгэл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Х.Баделхан, Я.Санжмятав, З.Нарантуяа нар асуулт асууж,  Улсын Их Хурлын гишүүн Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд Ард нийтийн санал асуулгыг 21 хоногийн хугацаанд явуулж, иргэдэд энэ талаархи мэдээллийг бүрэн хүргэж чадах уу, Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар ард түмнээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан юм. Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган хийх болсон шалтгаан, үндэслэлийг нь илүүтэй сонирхож байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариултдаа, “МАН -ын 2016 оны мөрийн хөтөлбөр болон 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт засаглалыг тогтвортой байлгах асуудал тусгагдаж, үүнийг Улсын Их Хурлаас баталсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтээс санал асуулга явуулж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хийсэн. Иргэд маань Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, дэмжсэн байгаа.

Ард нийтийн санал асуулгыг 06 дугаар сарын 05-нд товлон зарлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хүртлэх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажил, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцсон. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж,  Монгол Улсын Ерөнхийлөгийн сонгуультай хамтатган явуулахаар болсон ” гэж байлаа.

Ингээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүлэв.