Бямбацогт.С Учрал.Н 2017.05.19 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Мансууруулах бодис хэрэглэх, ашиглахыг бусдад сурталчилж болохгүй гэдгийг хуульчлах хэрэгтэй

Н.Учрал: Мансууруулах бодис хэрэглэх, ашиглахыг бусдад сурталчилж болохгүй гэдгийг хуульчлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хэд хэдэн гишүүн үг хэлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асуулаа. 

Н.Учрал: хил, гааль, цагдаа, тагнуулынхан яаж хамтарч ажилладаг вэ?

"Сүүлийн үед анхаарал татаад байгаа гол асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал. Ялангуяа өсвөр насныхан хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх нь ихэсч байна гэж Засгийн газрын мэдээлэлд дурдсан байна. Үүний шалтгаан нь

Нэгд, хуулийн хяналтын байгууллагын нэгдсэн мэдээллийн систем, уялдаа холбоотой ажиллах боломж ямар түвшинд байгааг тодруулахыг хүсч байна. Хил, гааль, цагдаа, тагнуулын байгууллагууд хоорондоо яаж хамтарч ажилладаг вэ?

Хоёрт, хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэж чадахгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Соёлын тухай зэрэг хуульд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаар хэдэн зохицуулалт бий ч яг яаж зохицуулах нь ойлгомжгүй хэвээр байна. ХМХ тэр дундаа телевизээр гарч буй кинонд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж мансуурч буй залуусыг ямар ч хяналтгүй гаргадаг. Энэ нь залуучуудад буруу үлгэр дууриалал болж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг сурталчлан таниулж буй энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэдэг эсэх нь тодорхойгүй. Нэг ёсондоо хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ манайхтай хол байсан зүйлийг яаж ойртуулсан бэ гэхээр гадаад кинон дээр гардаг зүйлийг монгол киноноос үзэж эхэлсэнтэй холбоотой.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэмт хэрэг болон түүнтэй адилтгах үйлдлийг соёлын бүх төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан түгээхийг хориглох бие даасан хуультай болох шаардлагатай. Эсвэл одоогийн хуулиудад байгаа энэ төрлийн зохицуулалтыг нэг мөр болгож хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодис хэрэглэх, ашиглахыг бусдад сурталчилж болохгүй гэсэн тодорхой зохицуулалт хийж өгөх ёстой."

С.Бямбацогт: хамтын ажиллагаа хангалтгүй байгаа

Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох үүднээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн бүхий л төлөөлөл оролцож, хоорондоо үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага бий. Одоогийн нөхцөлд харилцан уялдаатай ажиллах нь учир дутагдалтай байгаа нь үнэн. 2002 онд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдсан. Уг хууль нь өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлтийн орчинд шаардлага хангахааргүй болсон учраас хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Мөн 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх, худалдахтай холбогдсон харилцааг зохицуулах зохицуулалтууд тусгагдсан. 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ч хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, өмнө нь зохицуулагдаагүй зарим зохицуулалтыг тусгаж өгсөн. 2000-2005 он хүртэл Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг үндэсний хөтөлбөрийг батлуулж, хэрэгжүүлж байсан боловч үүнээс хойш ямар нэгэн бодлогын баримт бичиг гараагүй байна. Тиймээс 2017 оны 3 дугаар сард Засгийн газар Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2021 он хүртэл хэрэгижх юм. Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна.

Нөгөө талаас ОНМХ-ээр хар тамхи, мансуууруулах бодисыг хэрэглэх, хүмүүсийн сонирхлыг өдөөх үйлдэл мэр сэр гардаг. Энэ үйлдлийн эсрэг тодорхой зохицуулалт бий. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр хууль хяналтын байгууллагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал байна. Олон нийтийн анхаарлыг татах зорилгоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээллийг ХМХ-үүдэр цацдаг. Энэ нь эргээд сөрөг үр дагавар авчрах нь бий.

Ө.Энхтөр: Хар тамхи хэрэглэсэн эсэхийг газар дээр нь шуурхай шалгах боломж хомс байна

Цагдаагийн ерөнхий газрын дарга

Монголын нөхцөлд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэхдээ зөвхөн шээс, цуснаас дээж авах төдий шинжлэн тогтоодог. Энэ тал дээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, хил, гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцдог. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг биеэс нь арчдас авах зэргээр богино хугацаанд газар дээр нь тогтоохын тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага бий. 

Өөр нэг асуудал телевизүүдийн гаргасан тодорхой зөрчил дээр ЦЕГ ажиллаж, арга хэмжээ авсан. Цаашид энэ төрлийн кино гаргахгүй байхыг анхааруулсан, нэгдсэн ойлголцолд хүрсэн. 

Хар тамхи гэж яриад байгаа боловч хар тамхитай холбоотой хэргийг илрүүлэх чиглэлд хууль хяналтын байгууллага ч ажиллахаас биш өөр бусад салбарын байгууллагын үүрэг оролцоо дутмаг санагддаг.