Ерөнхий сайд боловсролын салбарынхантай уулзлаа
2009.11.17

Ерөнхий сайд боловсролын салбарынхантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр боловсролын салбарынхантай 2009 оны 11 дүгээр сарын 16-нд уулзлаа.


Уулзалтад Нийгмийн бодлого,  боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцов.
Ерөнхий сайд С.Батболд Их хурлын чуулганд хэлсэн үгэндээ “Хүний төлөө хөгжил-Хөгжлийн төлөө хүн” гэсэн зорилт дэвшүүлсэн. Боловсролыг тэргүүлэх салбарын хувьд ач холбогдол өгч буй тэдэнтэй уулзахдаа цаашид хийх ажлын талаар саналыг нь сонссон юм.
Ерөнхий сайд С.Батболд дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгохыг уриалж сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын тогтолцооны талаар саналаа бодлоо илэрхийллээ.


Энэ удаагийн уулзалт бодлогын, ажил хэргийн, ирээдүйн шинэчлэлийн салхийг хагалсан, алсдаа сайн үр дагавар авчирсан ажил хэрэгч уулзалт болоосой гэж Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ эхэнд тэмдэглэв.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон боловсрол, хүмүүжил олгох, тэгш, хүртээмжтэй, зөв тогтолцоо бүрдүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн бэлтгэл, боловсрол, ёс зүй, нийгмийн асуудлыг анхаарсан тогтолцоо бий болгох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.
Иймээс мянган өрхөд ноогдох цэцэрлэгийн индексийг гаргаж, ойрын үед суудлын тоог эрс нэмэн, ээлтэй, сайхан орчин бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана гэж Ерөнхий сайд хэлэв.

Үүний тулд хямд төсөр өртгөөр цэцэрлэг барьдаг Канадын технологийг судлан, санаачлагатай ажиллахыг БСШУЯ-нд үүрэг болголоо.
Өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог эх орондоо бий болгохын тулд үндэс сууриа зөв тавих, ямар бодлогоор стандартаа яаж сайжруулах, яаж дэлхийн түвшний боловсролыг эх орондоо оруулж ирэх вэ гэдэг чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж, зоригтой алхам хийх цаг болсныг онцлов.

Үүний тулд Кембрижийн стандартыг Ерөнхий боловсролдоо баримжаа болгох зорилт тавин эхний ээлжинд 3 сургуулийг, дараа нь 30 сургуулийг ийм стандарттай болгохын төлөө ажиллахыг Ерөнхий сайд боловсролын салбарынханд уриаллаа.
Хүнд зорилт, асар их хүч, хөрөнгө шаардах хэдий ч зорилгодоо хүрвэл дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгож чадна. Ингэснээр монгол хүүхэд сургуулиа Кембрижийн стандартын гэрчилгээтэй төгсөн Харвардын их сургуульд шууд элсэх боломж бүрдэнэ. Засгийн газар энэ зорилтыг биелүүлэхийн тулд боловсролын салбарыг бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, давтан сургалт үр дүнтэй байж, нийтийг хамарсан тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Хүнд боловсрол олгохоос гадна иргэншүүлж, эдлэх ёстой эрх, хүлээх ёстой хариуцлагыг нь ойлгуулдаг, амьдралын нугачаанд хөлөө олоход нь тус дэм болдог амьдрах ухааныг зааж сургадаг иргэний боловсролын тогтолцоо шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.
Уул уурхайн орд газрыг ашиглахын тулд мэргэжилтэй, чадалтай боловсон хүчин бэлтгэхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд анхаарах хэрэгтэйг Ерөнхий сайд санууллаа. 2009 онд их, дээд сургуульд элсэж байгаа оюутны тоо цөөрч, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагсдын тоо нэмэгдсэн зөв чиг хандлагыг улам гүнзгийрүүлэхийг Засгийн газар зорьж байна.

Төрийн өмчийн 40 гаруй сургуулийг нэгтгэн, бүтцийн өөрчлөлт хийж, чанартай боловсрол олгодог сургууль болгох шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Үүний тулд боловсролын байгууллагуудын аттестатчиллыг энэ хичээлийн жилд багтаан эхлүүлэхийг БСШУ-ны сайдад үүрэг болгов.

Их, дээд сургуулиудыг цаашид оюутны хотхон хэлбэрээр хөгжүүлж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв болгон үйлдвэрлэл, бизнесийн холбоо тогтоосон, түүнд боловсон хүчнээ нийлүүлдэг уурхай болгон хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд санууллаа.
Сургалтын төрийн сангийн тогтолцоог шинэчлэн, цаашид сургалтын түвшнээс хамаарч санхүүжүүлдэг болгохыг Ерөнхий сайд санал болгов. Хэний хүүхэд байхаас хамаарч, муу ч сурсан төрийн дэмжлэг авдаг шударга бус тогтолцоог халж, сурч чадсан нь дэмжлэг авдаг байх нь сургалтын чанар, нийгмийн шударга ёсонд нийцэх учир шинэчлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчин бий болгоход Засгийн газар анхаарна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Оюутнуудыг төгсөх курсыг нь дөхүүлж аж ахуй нэгж, байгууллагын захиалгатай болгож, дадлагыг нь эртнээс хийлгэх, төрөөс гадна аж ахуйн нэгж, байгууллагын тэтгэлэг олгодог байх, ийм аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих, багш, тэнхим, сургууль нь оюутнаа ажилтай болгохын төлөө зүтгэдэг, ингэж чадсан багш, сургуулийг төрөөс дэмждэг тогтолцоо бий болгохыг Засгийн газар зорьж байна.

Манай улс жил бүр 2,7 тэрбум төгрөгөөр өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургадаг. Танил талтай, ар өврийн хаалганы хүүхэд гадаадад суралцдаг байдлыг таслан зогсоож, 2010 оноос сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан, ил тод, ойлгомжтой хэлбэрээр явуулж, мэдлэг, чадвартайг нь явуулж байхыг БСШУ-ны сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Ерөнхий сайд С.Батболдыг боловсролын салбарынханд хандаж үг хэлсэний дараа энэ салбарынхан санал бодол, хүсэлтээ илэрхийлэв.

Их, дээд сургуулиуд оюутны тооны хойноос хөөцөлдөн дээд мэргэжилтэй боловсон хүчин олноор нь гаргаж байгаа ч хүншүүлэх тал дээр анхаарч ирээгүй. Иймээс сургуулиуд хамтарч хүнээ хөгжүүлэх, эрэлтэд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх, тогтвортой хөгжих дээд боловсролын тогтолцоо бүрдүүлэх, багш, эрдэмтдийн чадавхийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх талаар төр, засаг анхаарах нь зүйтэй гэж их, дээд сургуулиудын консерциумын төлөөлөл үзлээ.
Оюутны тоог БСШУЯ тогтоож байгааг өөрчлөх, малчин, хөгжлийн бэрхшээлтэй айлын хүүхдүүд төрийн сангийн зээлд тэр бүр хамрагдаж чаддаггүй, зээл авсан ч төрийн байгууллагад ажиллавал зээлийг хүчингүй болгодог тогтолцоог өөрчлөхийг Хувийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүн Ц.Ням-Осор хүсэв.

Төр, засгаас мэргэжлийн сургуулийг бэхжүүлэхийн тулд суралцагч нарт хоолны мөнгө, сар бүр тэтгэлэг өгч, үнэгүй дотуур байранд суулгаж байгаа. Гэхдээ ойрын үед Мэргэжлийн боловсролын газрыг байгуулах, энэ салбарт ажиллах багш нарын чадварыг дээшлүүлэх, одоо байгаа сургуулиудыг өргөтгөх, эсвэл шинээр байгуулах, төрийн мэдлийн сургуулийг хувьчлахгүй байхыг Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны төлөөлөл хүссэн байна.
Монголын Оюутны холбооны дэд Ерөнхийлөгч Г.Батсайхан оюутнуудын талаар төр, засгаас авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 9 зүйл саналаа Ерөнхий сайд С.Батболдод өргөн барилаа.
Сургалтын төлбөрт анхаарах, тэтгэлгийг нэмж, хүртээмжтэй, нээлттэй болгохыг Оюутны холбоо хүсч байна. Мөн төлбөрөө төлж чадахгүйгээс болж их, дээд сургуульд хичээл завсардалт бий болсоныг анхаарах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сургуулийн салбарыг монголдоо байгуулах, багш нар дахин шалгалт нэрээр авлига авч боловсролыг үнэгүйдүүлж байгааг зогсоохыг Оюутны холбоо санал болголоо.

Оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон спортын төв байгуулах, оюутны байрны тоог нэмж, магадлан итгэмжлэл явуулан чанаргүй сургуулийг хаах, олон жил мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрийг цаг үетэй нь уялдуулан өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан байна.
Боловсролын салбарынханы хувьд давтан сургалтад хамрагдах, гадаад оронд мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх саналыг цөөнгүй гаргаж байлаа.
Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу БСШУЯ ойрын үед хийх ажлынхаа төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.