Залуу улс төрчдийн аялалыг УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ахална
2016.07.29

Залуу улс төрчдийн аялалыг УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ахална

Герман Монголын хамтарсан “Отгонбаяр” сангийн санаачлагаар, “Монгол Германы Гүүр” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Ойлголцол-хөгжлийн гарц” уриан дор 2016.07.08-2016.07.17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Германы залуу улс төрчдийн Анхдугаар Чуулган болон ажил хэргийн уулзалтууд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Чуулганы хүрээнд олон намын төлөөллийн илтгэл тавигдаж, “Ойлголцол-хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд улс төрийн соёлын харилцаан дахь олон асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Германы залуу улс төрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой Чуулган байлаа.

Анхдугаар Чуулган нь Төрийн ордны А танхимд болсон бөгөөд олон намын 120 гаруй залуу улс төрчид хамрагдаж, МАН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Цогтбаатар нар, АН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БНН-аас намын дарга Б.Жаргалсайхан болон Монголын нам улс төрийн залуу улс төрчид оролцож, илтгэл тавьж, залуу улс төрч хүний зүгээс өөрсдийн үзэл бодол, нийгмийн үнэт зүйлсийн тухай болон улс төрийн намын үзэл баримтлалын хүрээнд санал дэвшүүлсэн билээ.

Мөн ХБНГУ-ын Бавари Мужийн ЦСҮ намын ИТХ гишүүн Эмэгтэйчүүд, Залуучуудын Холбооны ТУЗ-ын гишүүн Солонго Тремл, Др. Михаэла Лэй, Флориан Адолфи нар ЦСҮ намын үзэл баримтлал, намынхаа үнэт зүйлс, өнөөгийн бүтэц зохион байгуулалтаа танилцуулсан билээ.

Энэхүү уулзалтын үр дүнд тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд үүний нэг нь Монгол Улсын улс төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа 2016.09.08-2016.09.17-ны өдрүүдэд ХБНГУ-руу айлчлал хийх гэж байна. Тус айлчлалыг Парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ахалж явах юм. Айлчлалын үеэр Европын Холбоо, ХБНГУ-н Бундестаг болон Бавари Мужийн Парламентийн гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангууд, Монголын залуу улс төрчдийн төлөөллийг тусгайлан хүлээн авч уулзалт хийх юм.

Айлчлалын гол зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо болон үйл ажиллагаатай танилцаж, практик туршлагыг судлах, хоёр орны улс төрч залуучуудын харилцаа холбоог сайжруулах замаар харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагааны гарцуудыг нээн ажил хэрэг болгоход чиглэгдэж байгаа явдал юм