2017.05.22

Х.Амгаланбаатар: Засгийн газар хэлэлцээрийнхээ дөрвөн заалтыг зөрчсөн

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал Төрийн ордны Б танхимд боллоо. Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ тус хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн явцын талаар ярилцсан байна. Хэлэлцээрийн биелэлт таван сарын байдлаар 60 гаруй хувьтай байгаа аж. 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад төр, хууль гэж байдаг бол хууль хэрэгжих ёстой. Бид хуулиа хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээр батлагдсанаас хоёр сарын дараа хэлэлцээрийн дөрвөн ч заалтыг Засгийн газар зөрчиж ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. 

Манай зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах саналыг таван удаа тавьсан. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын төвшинг харахад энэ удаагийн Үндэсний хорооны хурлыг оройтож хуралдуулж байна. Иймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийх саналтай байна” гэлээ. МҮЭ-ийн гаргасан санал, шүүмжлэлтэй байр суурийг МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, МАОЭНХ-ны тэргүүлэгч Н.Даш-Өлзий, Т.Бямбаа нар дэмжиж, Засгийн газрыг хариуцлагатай ажиллахыг шаардлаа.