“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2017.05.23

“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, М.Оюунчимэг, А.Ундраа, Л.Элдэв-Очир, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, тус яамны мэргэжилтнүүд болон их, дээд сургуулиудын захирал, салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, “Хөгжингүй орнууд мэдлэг, чадвартай, зөв төлөвшилтэй оюутан бэлтгэхэд голчлон анхаардаг. Өөрөөр хэлбэл тэдний их, дээд сургуулиудын гол зорилго нь энэ. Их, дээд сургуулиудын чансааг төгсөгчдийн ажлын байраар хангагдсан үзүүлэлтээр дүгнэдэг. Эрэлтэд суурилсан чадварлаг оюутан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Тийм ч учраас Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтнүүдтэй болох ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн энэхүү хэлэлцүүлгээр дээд боловсролын шинэчлэлийн талаар үнэтэй санал санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэлэв. Тэрээр, уламжлалт сургалтын арга барилаас судалгаанд суурилсан их сургуулиудтай болох зорилгыг тавин ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарах санал санаачилгыг бодит ажил болгохын төлөө манай яам ажиллах болно гээд оролцогчдод амжилт хүслээ

Үргэлжлүүлэн “Дээд боловсролын бодлого, төлөвлөлт 2016-2020 он” сэдвээр БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, “Дээд боловсролын байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр Монголын их, дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, “Монгол Улсад судалгааны их сургууль хөгжих боломж” сэдвээр ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг, “Монголын боловсролын системийг дахин эрэгцүүлэх нь” сэдвээр ШУТИС-ийн профессор Р.Найдандорж нар илтгэл тавив.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, боловсролын тогтолцоог хэрхэн шинэчлэх талаар нээлттэй хэлэлцсэн юм. Мөн НББСШУ-ны байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг холбогдох байнгын хороонд хүргүүлнэ