“Нийгмийн хамгаалын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв
2017.05.24

“Нийгмийн хамгаалын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв

 Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.  

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Засгийн газраас Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж иржээ. Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж ажилласны үр дүнд Бүгд Найрамдах Унгар Улсаас 30 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч, Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байгаа аж.

1990 оноос өмнө Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-ад сурч, ажиллаж, амьдарч байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн жилүүдэд тус улсад оршин суух иргэдийн тоо эрс нэмэгдсэн агаад 2015 оны статистик мэдээллээс үзэхэд тус улсад нийт 923 монгол иргэн амьдарч байгаагаас 612 нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Монгол Улсын иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцааж авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс одоогоор байхгүй байгаа аж.

Иймээс тус улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр талын өндөр дээд түвшний айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцож, төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 5 дугаар сард Варшав хотод, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод хийж, хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

Хэлэлцээрийн төсөл нь нийт 31 зүйлтэй бөгөөд төсөлд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, хэлэлцээрт Монгол Улс болон БНПУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжийг олгох зэрэг үндсэн зарчмыг тусгажээ. Харин хэлэлцээрт эрүүл мэндийн даатгалын харилцааг тусгаагүй бөгөөд уг харилцааг хоёр улс тус тусын хууль топгоомжоор зохицуулахаар тогтсон байна.

Монгол Улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг монгол иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж тус улсад байх хугацаандаа Польшийн иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн үндэс бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймээс энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.