Сарангэрэл.Д Г.Мөнхцэцэг Н.Амарзаяа 2017.05.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.24) иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу ус, цахилгааны  тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Н.Амарзаяа, Д.Мурат, Д.Дамба-Очир нар оролцов.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцсон.  

Хэлэлцүүлгийн эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Улаанбаатар болон орон нутгийн иргэдээс орон сууцны конторууд, эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой цэвэр ус, цахилгаан тасалсан, үнэ тариф нэмсэн, ойлгомжгүй нэмэлт төлбөрүүд авсан зэрэг гомдол 900 гаруйг ирүүлсэн. Байнгын хороо дэгийнхээ дагуу 900-ээс дээш өргөдөл, гомдол ирүүлсэн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Тиймээс энэ удаад эл асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа талаар хэлэв. Мөн иргэдийг бухимдуулдаг энэ асуудлыг заавал авч үзэж, хаана алдаа дутагдал, үл ойлголцол гарч байгааг тодорхой болгоод, засч залруулах шийдлийг хэлэлцүүлгээс гаргах зорилготойг тэмдэглэсэн юм.

Иргэд дулаан, халаалт муу, байвал зохих градустаа хүрдэггүй, халуун ус тасардаг, мэргэжлийн бус хүн сайн дураараа цахилгаан, ус хязгаарладаг, орон сууцны конторууд сууц өмчлөгчдийн өмнөөс даатгалын байгууллагатай гэрээ хэлцэл хийж, даатгалын хураамж нэрийдлээр мөнгө авдаг, гэртээ хүнгүй байсан шалтгаанаар байцаагч нар усны тоолуурын заалтыг таамгаар бичдэг, шинээр баригдсан барилгуудын цэвэр ус зэвтэй гардаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар өргөдөл, гомдол гаргасан байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгээр дэгийн дагуу мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсов. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Мөнххад Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан.

Иргэдийг төлөөлж Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Ахмадын хотхонд амьдардаг иргэн М.Должинсүрэн өргөдлөө танилцууллаа. Тэрбээр, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цахилгааныг нь тасалж, түүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд цахилгаанаа залгуулж чадаагүй яваагаа тайлбарлав. Дээрх иргэн тайлбартаа цахилгаан тасалсан асуудал холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, алдаанаас болсныг тодотгосон юм.

Мэдээлэл, тайлбар сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүн Г.Мөнхцэцэг, иргэн М.Должинсүрэн гуай шиг гомдолтой айл өрх олон байгаа гэдгийг онцолж асуусан юм. Гишүүний асуултад, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ч.Энхсайхан хариулахдаа “Иргэний гомдлын хариуг өгсөн, ойлгосон гэж бодсон. Манай компани Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг мөрддөг. Төлбөр гарснаас хойш  10 хоногийн дараа цахилгаан хязгаарладаг, 14 хоногийн дараа алданги тооцож эхэлдэг. Дуудлагын дагуу цахилгааныг буцааж залгахдаа үйлчилгээний хөлс авдаг нь холбогдох байгууллагаас баталсан дүрэм журмын хүрээнд болдог” гэв.

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, иргэн М.Должинсүрэн гуайд тулгарсан асуудлыг энэ танхимд шийдэх бололцоотойг сануулаад 25-нд төлбөрөө төлөх ёстой байсан гээд  26-нд тог тасалдаг тухай гомдол иргэд ирүүлсэн учир ийм асуудал байна уу гэдгийг тодруулсан. Албан тушаалтнууд энэ асуултад айл өрхүүдтэй шууд харилцаж буй цахилгаанчин, байцаагчид ийм ашиг сонирхлын зөрчил гаргадгийг үгүйсгээгүй.

Хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн дарга Д.Баатарням, Дуудлага хүлээн авах төвд зарим тохиолдолд иргэдээс өдөрт 5000 гаруй дуудлага ирүүлдгийг тухай бүрт шийдвэрлэхээр ажилладаг. Цахилгаан тасалж буй асуудал иргэд гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх нь дийлэнх учир үүргээ биелүүлж, цаг тухайд нь төлбөрөө төлж байхыг хэллээ. Түүнчлэн зусланд гарсан айл өрхүүд хотын байрныхаа тогийг салгуулаад явах тохиолдолд суурь хураамж гардаггүй уян хатан тогтолцоо үйлчилдэг талаар мөн мэдээлэл өгсөн юм.

Үргэлжлүүлэн усны тариф, төлбөр тооцоо болон зэвтэй ус гардаг талаар  иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хэлэлцүүлэг өрнөлөө.

Усны мөнгөө төлөөгүй үндэслэлээр төлбөрөө төлсөн айлуудын цэвэр усанд давхар хязгаарлалт хийдэгт иргэд гомдол ирүүлжээ. Энэ асуудалд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын албан тушаалтнууд хариулахдаа “Шугам хоолойн нэгдсэн байдлаас болоод нэг өрхийн усыг хязгаарлана гэж байдаггүй. Байр, орцоор нь хэсэгчилж хаахаас өөр аргагүй байдаг. Зарим тохиолдолд Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд иргэдээс төлбөр хураамж авчихаад, шилжүүлдэггүй. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг ийм компаниудад тооцоогоо дуусгахыг сануулж 1-2 цагаар ус таслах тохиолдол гардаг, үүнээс олон цагаар хязгаарладаггүй” хэмээн тайлбарлав.

Зэвтэй ус гарч буй асуудалд албан тушаалтнууд хариулахдаа шинэ барилга ашиглалтад хүлээж авдаг улсын комисст Ус сувгийн удирдах газраас мэргэжилтэн оролцож, усны шугам хоолойн чанарт хяналт, шалгалт хийдэг байсныг болиулсан. Хяналт тавихаа больсон учир зарим компаниуд зардлаа хэмнэж чанаргүй, зориулалтын бус шугам хоолой суурилуулах явдал гардгийг хэллээ. Дулаан хангамжийн зориулалтаар ашиглаж байсан хуучин хоолойг шинэ барилгын цэвэр усны хангамжийн шугам хоолой болгон ашигласан сэжигтэй тохиолдол бий гэдгийг тэд онцлон хэлсэн юм. Сүүлийн үеийн барилгууд их хэмжээний ус нөөцлөх сав суурилуулж, түүндээ хуримтлуулсан усыг ашигладаг нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгааг мөн хөндлөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн дэгийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүн М.Билэгт, Д.Дамба-Очир, Д.Мурат нар саналаа хэллээ. Тухайлбал гишүүн М.Билэгт шинээр ашиглалтад оруулсан барилгуудаас гадна төвлөрсөн шугам хоолойн чанар муугаас зэвтэй ус гардаг. Улсын комисс ашиглалтад барилга хүлээж авахаас өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага үүргийнхээ дагуу зориулалтын шугам хоолой суурилуулж байна уу гэдэгт хяналтаа тавиад явах боломжтой талаар санал хэллээ.

Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар болж, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмжид хэд хэдэн асуудлыг тусгахыг Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл танилцууллаа.

  • Ус сувгийн удирдах газрын төлөөллийг барилга ашиглалтад хүлээн авч буй улсын комисст оруулах,
  •   Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо чадавхид нь анхааралтай хандах,
  • Ус, цахилгааны төлбөр, тооцоо, тарифтай асуудлаар иргэдэд зөв ойлголт, мэдээлэл түгээх ажлыг хэвшүүлэх,
  • Шинээр ашиглалтад оруулж буй барилгын ус хангамжийн шугам, хоолойн чанарт тавих хяналтыг чангатгах
  • Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар иргэдтэй холбогдож ажилладаг ажилтнуудынхаа үйл ажиллагаанд холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулах зэрэг асуудлыг зөвлөмжид тусгахаар болсон юм.

Зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа холбогдох байгууллагууд заасан хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлэх бөгөөд, ирүүлсэн мэдээлэлд үндэслэн өргөдөл, гомдол гаргасан иргэдэд хариулт өгнө гэдгийг Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл төгсгөлд нь хэллээ