Х.Нямбаатар: Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.05.25

Х.Нямбаатар: Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий

Сүүлийн үед хамгийн их хэл аманд өртөж, шүүмжлүүлж буй эрхэм яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэх үеэр тэрбээр нэлээн их хэл аманд өртсөн. Мөн АН-ын санаачилсан хуулийг булаасан гэх мэт асуудалд өртөөд байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Баривчлах шийтгэлийн автор нь би байна

-Эрүү болон Зөрчлийн хууль батлагдлаа. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Хууль санаачлагчийн хувьд хэр сайн хуулиуд болсон гэж үзэж байгаа вэ?

-Сая батлагдсан дөрвөн хуулийг би санаачлаагүй. Тодруулбал, Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүү болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг аль 2010, 2011 онд боловсруулсан. Сүүлд 2013 онд тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үед эдгээр хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн барьж, Засгийн газар буцаж татаж авсан байдаг. Үүний дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар дахин өргөн бариад хоёр хууль нь батлагдаад, хоёр хууль нь эцсийн найруулгаа сонсож чадалгүй 2016 оны УИХ-ын сонгуультай золгосон. Үүнээс болж хууль зүйн салбарт, нийгэмд 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль эрх зүйн гажуудал үүсэх гээд байсан учир 2016 оны наймдугаар сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1 болгож хойшлуулсан юм. Бусад эцсийн найруулга сонсоогүй хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаах шийдвэр гаргасан. Мөн ХЗДХЯ-н дээр дээрх хуулиудыг шинэчлэн найруулах, батлагдаагүй, эцсийн найруулга сонсоогүй хуулиудыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас УИХ-д дээрх хуулиудыг өргөн мэдүүлж, ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан юм. Ингээд батлагдах хүртэл 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, Засгийн газраас оруулсан төслүүдийг өөрчлөх, засаж сайжруулах, энэ чиглэлээр ажилласан. Тэгээд хэд хэдэн хууль тогтоомжуудтай зөрчилдсөн зөрчилдөөнийг арилгах чиглэлээр ажил хийгдсэний үр дүнд эдгээр хуулиуд батлагдаж дууслаа.

-Зөрчлийн хуулинд баривчлах шийтгэл их байна гэж бас хэсэг шүүмжлүүлсэн?

-Баривчлах шийтгэлийн автор нь би байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд баривчлах шийтгэлийг оруулж ирээгүй. Энэ нь өөрөө хуулийн төсөл боловсруулахад гарсан алдаа. Яагаад гэхээр зэрэгцүүлж баталсан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэргийг баривчлах шийтгэлтэй гэж батлуулчихаад тухайн төрлийн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулинд орж ирэхдээ баривчлах шийтгэлгүй болно гэдэг нь хууль тогтоогч нэг асуудлаар хоёр өөр эрх зүйн дэглэм үүсгэж байгаа юм.

Эрүүгийн хуулиас танхайрах гэмт хэргийг хасаад захиргааны зөрчил болгосон атлаа торгох шийтгэлтэй болгож оруулж ирсэн. Энэ нь болохгүй зүйл. Баривчлах шийтгэл бол манай улсын эрхзүйн тогтолцоонд хэдэн арван жил үйлчилж байгаа шийтгэлийн төрөл. Намайг хүүхэд байхад нутгийн танхай ах нар 111-д баривчлагдлаа гэж ярьдаг байсан. Тухайн үедээ ойлгохгүй байсан. Тухайн үед Ардын Их Хурлын  111 дүгээр зарлигаар нийгмийн дэг журам зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцдог зарлиг байсан юм билээ.

Энэ үеэс л энэ шийтгэл орж ирсэн. Өнгөрсөн 27 жил ч байсан. Одоо гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, танхайрч нийгмийн дэг журам зөрчсөн, хүний эд зүйл хулгайлж байгаа хүмүүсийг 100 мянган төгрөгөөр торгох нь шударга ёс мөн үү. Намайг шүүмжлээд байгаа хүмүүсээс асуумаар байна. Үүний цаана ямар их хохирол учрах вэ. Түүнийг бас бодолцох хэрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлуулахад АН дөрвөн санал тавьсан

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд цагдан хорих байранд тагнах чагнах ажиллагаа явуулах гэсэн заалтыг таныг авч хаясан хэмээн шүүмжилж байна. Ингэснээрээ авлигачдын хэргийг өршөөх, авлигачдыг өөгшүүлсэн үйлдэл боллоо хэмээн гэж иргэд эгдүүцэж байна?

-Энэ бол гүтгэлэг. Гүтгэлэг. Гүтгэлэг шүү. Би авч хаядаг хүн биш ээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тодорхой төрлийн хэргүүдэд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж заасан байсан. Ажлын хэсэг энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж байгаад Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэг, зохион байгуулалттай гэмт хэргүүд, онц их хэмжээний хулгай, малын хулгай, албан тушаалын хэргүүдэд бүгдэд нь гүйцэтгэх ажиллагаа явуулъя гэж шийдсэн.

Улмаар асуудлаа намын бүлэгт танилцуулж, АН-ын бүлэгт хуулийн төслийн танилцуулга хийсэн. Гэтэл АН-ын бүлгээс тэр дундаа АН-ын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зарчмын зөрүүтэй дөрвөн санал байна. Энэ дөрвөн саналыг хүлээж авбал АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлах тал дээр 100 хувь санал нэгдэнэ гэх шаардлага хүргүүлсэн.

-Ямар шаардлага байсан юм бол?

-Нэгдүгээрт, Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй болгох

Хоёрдугаарт, Хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаахгүй байх

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн гүйцэтгэх ажлын мэдээллийг нотлох баримт биш гэж үзэх

Дөрөвдүгээрт, Албадан саатуулах хугацааг 24 цаг болгох гэсэн дөрвөн шаардлага байсан.

Энэ дөрвөн шаардлагаас бид Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн гүйцэтгэх ажлын мэдээллийг нотлох баримт гэж үзэхгүй байя гэдэг саналыг хүлээж аваад үлдсэн гурван саналыг нь хүлээж аваагүй.

Харамсалтай нь хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаахгүй байх шийдвэр гаргасан. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрхзүйн орчинд том гажуудал үүсгэж байна. Хүн хэргээ шүүх хурал дээр задлуулж, яах ийх нь тодорхойгүй  зохицуулалтгүй орж ирж байна. Уг нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж, задалсан хэргийг дахин шалгаж, ялыг нь хүндрүүлж сонсгож, мэдүүлэг хоорондын зөрүүг арилгаж байж шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдэх зарчим хэвээр хадгалагдах ёстой байсан.

Харамсалтай нь АН-ын бүлгийн гишүүд болон манай бүлгийн зарим гишүүд энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлэг дээр унагаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаахааргүй болгосон. Түүнээс биш гүйцэтгэх ажиллагааг цагдан хорих байранд явуулах зохицуулалт хэвээрээ байгаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төр, алдар хүндийг гутаах, зориуд худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлэх мэдээлэл зохион байгуулалттайгаар явагдаж байна. Магадгүй энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой эрх баригч намыг муухай харагдуулах арга хэлбэр байх.

-Тэгэхээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах заалт хэвээрээ байгаа юм байна. Тийм үү?

-Тийм. Авлига албан тушаалтай холбоотой хэрэгт цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах зохицуулалт хэвээрээ батлагдсан. Удахгүй зургаан сарын эхээр эдгээр хуулиуд бүрэн эхээрээ тавигдана. Үүнийг ард иргэд олж уншаарай гэж хүсч байна. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа бүх зүйл үнэн биш. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан бүх мэдээллийг эргэн хараарай.

-Албан тушаалын хэрэгт хохирлыг хэрхэн тооцож, эрүүгийн хэрэг үүсгэх вэ?

-Албан тушаалын хэргийг хохиролгүй болгосон. Гэтэл УИХ-ын гишүүн М.Билэгт “Албан тушаалын хэрэгт арван сая төгрөгийн хохирол, энгийн хулгайч 300 мянган төгрөг хулгайлаад ял авах нь шударга уу" гээд миний эсрэг баахан юм ярьсан. Ямар агуулга, зорилгоор ийм зүйл ярьсныг мэдэхгүй. Гэхдээ албан тушаалын хэрэг ямарч хохиролгүй үйлдлээрээ шууд эрүү үүсэх заалттай байгаа.

Би Сангийн сайдын суудал мөрөөдсөн хүн шиг ажилладаггүй

-Хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаахгүй гэхээр эсвэл цагаадна, эсвэл ял авна гэсэн үг. Үүнийг зарим хуульчид зөв дэвшил гэж үзээд байна. Харин та эсэргүүцэж байгаа юм байна?

-Зарим гишүүд зөвхөн шүүгдэгчийн эрх талаас нь хандаад байна. Гэтэл нөгөө талаас хохирогчийн эрх гэж нэг юм байна. Хохирогч судлалыг ор тас орхигдуулж байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, нэр төр, алдар хүндээрээ хохирсон энэ хүмүүсийн эрхийг хангах гэж энэ хууль байдаг. Монгол Улсад амьдарч байгаа гурван сая хүний амар тайван, аюулгүй байдлыг хангах гэж Эрүү, Зөрчлийн хууль батлагддаг юм. Эдгээр хуулинд хүнийг урамшуулна, шагнана гэсэн утга агуулагддаггүй учир хүмүүст таалагдахгүй байгаа юм. Эцсийн дүндээ Үндсэн хуулийн дараа орох, нийгмийн суурь харилцааг зохицуулах, та бидний амар тайван амьдрах хил хязгаар, орон зайг тогтоож өгч байгаа юм.

-Ер нь шинэ хуулиар авлига, албан тушаалын хэрэг чангарсан уу, зөөлөрсөн үү?

-Чангарсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар үлэмж хэмжээний хохирлоор, албан тушаалаа урвуулан ашиглах, албаны нөлөөгөө урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсдэг байсан бол одоо хохирол харгалзахгүй, шууд эрүүгийн хэрэг үүснэ. Энэ утгаараа авлигатай тэмцэх төрийн бодлого чангарч байна. Ялын бодлогын хувьд ч гэсэн тодорхой зүйл заалтуудаар хүндэрсэн заалтууд бий. Хамгийн амархан ажил бол юу ч хийхгүйгээр хүн шүүмжлэх. Манай Их хурлын зарим гишүүд дотор ч байна. Ажил хийхгүй 10 жил болж байна. Нэг ч хууль санаачлаагүй. Тэгсэн хэрнээ хүн гүжирдэнэ. Гүтгэнэ. Доромжилно. Тэр доромжлолоо чуулганы индэр болгож ашиглана. Тэрийгээ тойрогтоо ажиллаж байгаа юм шиг сонгогчиддоо харуулдаг. Юмаа уншихгүй мэдэмхийрнэ. Цэцэрхэнэ. Үүнийгээ болимоор байна.

-Та УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хэлж байна уу?

-Тийм. Ц.Даваасүрэн бол 10 жил парламентэд суучихаад нэг ч хууль санаачлаагүй. Би Ц.Даваасүрэнгийн ярьж байгаа шиг өглөө нь хууль санаачлаад өдөр нь батлуулж байгаа юм байхгүй. Би өнгөрсөн хоёрдугаар сард хуулиа санаачилж, сая батлуулсан. Парламентэд суухдаа огт хууль санаачлахгүй, Засгийн газар болгоноо унагах ажилд ханцуй шамлаж ордог, намынхаа бодлого шийдвэрийн эсрэг явдаг, дуртай үедээ намаасаа гардаг, дур нь хүрэхээр намдаа ирдэг, Сангийн сайд мөрөөдсөн хүмүүсийн ярьж байгаа шиг би ажилладаггүй.

О.Баасанхүүгийн сэтгэцийн шалгуулмаар байна

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасчихлаа хэмээн ихээхэн шүүмжилж байгаа. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хасаагүй гээд өөр тайлбар хийж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хассан бол О.Баасанхүү өөрөө л хассан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг огт хөндөөгүй. Өөрөөр хэлбэл, 2015 онд батлагдсан хууль тэр чигээрээ байгаа. Хэрэв хассан гэж байгаа бол тухайн үед өмнөх парламентын үед л хассан. Гэхдээ би судлаачийн хувьд, хуульчийн хувьд Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг хуучин Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд байснаас гурван тусад нь бие даасан гэмт хэрэг болгосон явдлыг зөв гэж бодож байгаа.

Учир нь гэмт хэргийн зүйлчлэлийн маргаантай асуудал маш олон жил үргэлжилсэн. Гэмт хэргийн зүйлчлэлийн маргаануудад цэг тавьсан, ийм өөрчлөлтийг 2015 онд УИХ хийсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр жилийн дараа гэнэт сэрээд нэг сэдэв олж шуугиулдаг юм шиг байгаа юм. Эх орноосоо урвах заалт хуучин Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Дайны үед дайсагнагч талд урваж очих, улсын аюулгүй байдалд саад учруулахуйц мэдээ мэдээллийг тагнуулын байгууллага, гадаадын хүнд өгөх гэсэн үйлдлүүд байсныг гурван тусад нь бие даасан гэмт хэрэг болгосон.

Та бүхний мэдэж байгаа УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслах, Цахилгаан гуайн хүүгийн хэргүүдийг эх орноосоо урвасан гээд зүйлчлэхээр зүйлчлэлийн маргаан дагуулаад байсан. Тодруулбал, шунахайн сэдлээр улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд саад учруулахуйц мэдээ мэдээллийг гадаадын тагнуулын байгууллага, хувь хүнд өгсөн үйлдлүүд байдаг учраас энэ маргааныг цэг тавьж, эх орноосоо урвах үйлдэл нь дайны үед дайсны талд урваж орох юм байна гэж үзсэн.

Улс орны аюулгүй байдалд саад учруулахуйц мэдээ мэдээллийг ямарч цагт энхийн ч бай, дайны цагт ч бай гадаадын байгууллагад шилжүүлэн өгөх тусдаа бие даасан 20 хүртэлх жилийн хорих ялтай хүнд хэрэг.

-О.Баасанхүү гишүүн бас хар тамхины асуудлыг хөндлөө. Хар тамхины хэрэг цагаадаж байна. Үүнийг эсэргүүцэж байна гэсэн?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон нийтийг төөрөгдүүлэх ажиллагаа явуулах нь өөрөө гэмт хэрэг шүү. Хуулинд хар тамхи гэж нэр нь бичигдээгүй. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм гэдгээр бүх зохицуулалт нь хийгдсэн байгаа. Хэрвээ байхгүй болгосон бол бас л УИХ-ын гишүүн О.Баасанхүү байхгүй болгосон. Бид энэ бүлгийг хөндөөгүй. 2015 онд батлагдсан тэр хэвээрээ байгаа. Баталсан хүн нь О.Баасанхүү. О.Баасанхүү гэж хүнийг энэ парламентэд орсон цагаасаа хойш ойлгохгүй байна. Сэтгэцийг нь шалгуулмаар нөхөр байна лээ.

-Таныг АН-ын санаачилсан приусын татварыг бууруулах хуулийн төслийг булаасан гээд байгаа. Ямар учраас энэ хуулийн төслийг өргөн барих болов?

-Ийм алиа марзан юм ярихаа болиосой. Хуулийн төсөл өрн мэгөдүүлэхдээ холбоотой журмын харилцааг хууль тогтоомжийн хуулиар зохицуулдаг. Миний пэйж дээр хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, 2017 оны хоёрдугаар сард тавигдсан. Өөрөөр хэлбэл, би 45 хоног хүмүүсээс, судлаачдаас санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хууль тогтоомжийн хуулийг өөрчилж байж, онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдана. Тэгэхээр баримттай л ярих хэрэгтэй. Ялихгүй улс төр хийхээ л болимоор юм даа. Ер нь сошиалаар зориуд постер бэлддэг байдлыг болих хэрэгтэй. DMNN гээд пэйжийг би цагдаагийн байгууллагад шалгуулна.

Миний эсрэг худлаа гүтгэлгийн мэдээ мэдээлэл гаргаж, миний намтарыг зориуд таслаж оруулсан, худлаа постерууд оруулсан, надад элдэв хоч өгсөн. Би хуулиуд батлагдсаны дараа нэг мөсөн цагдаагийн байгууллагад шалгуулна. Би ч гэсэн өөрийн гэсэн нэр төр алдар, хүндтэй. Хүн болгонд эцэг эхээс заяасан нэр байна. Түүнийг хэн дуртай, шоронгийн хулгайч байсан хүмүүс хүнийг гүтгэж доромжилж болохгүй. Энэ пэйжүүдийн цаана дандаа урьд нь ял эдэлж байсан, ашиг хонжоо хайдаг ийм хүмүүс байгаа. Олон нийтийн сэтгэл зүйгээр тоглодог, олон нийтийг төөрөгдүүлдэг хүмүүсийг цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, шалгуулж үнэн зөвөө тогтоолгоно.

-Та хуульч гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дэмжиж байгаа.  Үндсэн хууль манай улсад 25 жил үйлчлэлээ. Энэ хооронд Үндсэн хуулийн зохицуулалтаас болж, хэд хэдэн бодлогын алдаа гарсан. Гэхдээ бүгдийг нь Үндсэн хууль руу чихэж болохгүй. Хувь хүмүүстэй ч гэсэн холбож үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн хамгийн эхний согог 1997 онд илэрсэн. Ард түмнээс олонхийн санал авсан Ардчилсан холбоо, эвсэл Засгийн газраа байгуулж чадахгүй тийм нөхцөл байдалд хүрээд, 1999 онд тухайн үеийн Ардчилсан холбоо, эвсэл МАХН хамтраад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хийсэн. Хийсэн өөрчлөлтийг нь дордохын долоон өөрчлөлт, дээрдэхийн долоон өөрчлөлт гэж янз бүрээр ярьдаг. Тухайн үед энэ долоон өөрчлөлтийг оруулахаас өөр арга байгаагүй. Энэ өөрчлөлтийг сайн муу хэлээд 18 жил өнгөрсөн байна. Тиймээс энэ долоон өөрчлөлтийн заримыг нь өөрчлөе гэдэг асуудал яригдаж байна.

 Сэтгүүлч Б.Чимэг