Бямбасайхан.Б 2017.05.25 | Өдрийн сонин

Б.Бямбасайхан: Азид байгаа боломжоо нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно

Б.Бямбасайхан: Азид байгаа боломжоо нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхан

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Манай эдийн засгийн өсөлт 2019 онд найман хувьд хүрэх хандлагатай байна гэсэн өөдрөг төсөөллийг Монголын бизнесийн зөвлөлөөс гаргасан байна лээ?

-ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай эдийн засаг тогтвортой өсөх ёстой шүү дээ.Тэр төсөөллийг хэлж байгаа юм л даа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын судалгааг бид гишүүддээ өгдөг.

-Монгол дампуурах нь гээд байсан. Одоо өсөлтийн тухай ярьж байна. ОУВС бидний өрийг дарчихаагүй зүгээр л хойшлуулсан. Тэгэхээр гол асуудал маань яаж шийдэгдэх вэ?

-Бид гол нь бизнесээ хийгээд, өргөжүүлээд, татвараа төлөөд байвал зээлийн эргэн төлөлт асуудал биш болчихно шүү дээ. Өртэй хүн муухай гэж ойлгох хэрэггүй. Эдийн засаг өсч, компаниуд томорч, орлого нь нэмэгдэж, зээлүүд төлөгдөнө.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг бизнес эрхлэгчид эерэг хүлээж авсан. Харин гадаадын банк оруулж ирэх асуудлыг та яаж хүлээж авч байна вэ. Газар нутгаа барьцаанд тавих эрсдлийн тухай их ярьж байна?

-Эдийн засаг томрохын хэрээр банкны салбар өрсөлдөөнтэй болно. Өрсөлдөөнтэй байж хэрэглэгч буюу зээл авч байгаа бид хожно. Зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Тэр үүднээс зохицуулалт хийх байлгүй дээ. Түүнээс биш тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэрүүд гараад байвал эдийн засаг томрохгүй шүү дээ.

-Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулна гэж яригдсан. Ингэж байж мөнгийг Монголдоо тогтооно гэж олон нийтэд ойлгуулаад байгаа. Үнэндээ ингэх нь зөв үү?

-Энэ тухай нэг хүн надад гоё зүйрлэл хэлсэн юм.Таван литрийн бидонд 40 литр ус хийх гээд зүтгэхтэй адил юм болж байна. Манай эдийн засаг тийм л жижигхэн. Манай банкууд бидэндээ л том болохоос олон улсын хэмжээнд бол өчүүхэн тоглогчид. Мөнгө байнга арвижиж байх ёстой. Банк санхүүгийн систем мөнгийг хамгаалж байдаг. Хамгаална гэдэг гадуур нь урсгахын нэр биш. Манай эдийн засаг томрохын хэрээр мөнгө орж ирнэ. Түүнээс биш ордонд нэг дарга тушаал гаргаад шийдчихдэг асуудал биш.

-Монголын бизнес эрхлэгчид цуглаад, Азийн боломж, тэр тусмаа урд хөршийн “Бүс ба зам” санаачилгад монголчууд ямар оролцоотой байх тухайгаа хэлэлцэх гэж байгаа гэж сонслоо?

-Монголын бизнесийн зөвлөлөөс “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвээр ирэх зургадугаар сарын 19-нд хоёрдугаар чуулга уулзалтаа хийх юм. Монголын бизнесийн зөвлөл гэдэг 250 компанийн гишүүнчлэлтэй байгууллага гишүүд бусад бизнесийнхнийг уриад, жил болгон бизнесийн чуулга уулзалт хийж байгаа. Энэ удаагийн сэдэв нь “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” юм. Компаниуд хоорондоо мэдээллээ түлхүү солилцъё. Азийн бүс нутагт ямар боломжууд байгааг Монголын компаниуд сайн ойлгох юм бол ирээдүйн бизнесийн стратегиа тодорхойлоход тустай. Азид байгаа боломжийг нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно шүү дээ. Саяхан Ерөнхий сайд Бээжинд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд болсон дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Тэнд 29 орны төр засгийн тэргүүнүүд оролцож, “Бүс ба зам” буюу орчин цагийн Торгоны зам гэж нэрлэгдээд байгаа бүс нутгийн эдийн засгийн ирээдүйн тухай хэлэлцсэн. Үүнийг яаж бодит амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь ярилцлаа. Монголыг гадныхан маш том боломж гэж хардаг. Газар нутаг томтой, байгалийн баялаг, эрчим хүчний нөөц ихтэй. Хятад гээд дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байдаг гэдэг. Урд хөршөө бид илүү сайн ойлгох учиртай. Бүх л дэлхийгээрээ “Бүс ба зам” санаачилгад оролцох гээд явж байна. Үүнийг Монголын компаниуд яаж бизнес болгох вэ гэдэг талаар бид ярилцах юм. Энэ бол Монголын эдийн засгийн 20-30 жилийн тогтвортой байдал, өсөлт, дэд бүтцийн салбарын хөгжил гээд олон зүйлтэй уялдана. 2014-2016 онд гурван жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад оролцож байгаа улсууд Хятадтай гурван их наяд ам.долларын худалдаа хийжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Азийн бүс нутаг 2016-2030 онд 26 их наяд ам.долларыг дэд бүтцийн салбарт оруулна гэж тооцоолсон. Үүнээс 14 их наяд ам.долларыг эрчим хүчний салбарт, найман их наяд ам.долларыг зам тээвэрт, харилцаа холбооны салбарт хоёр их наяд ам.доллар зарцуулах юм байна.

-Монголын эзэнт гүрний үед Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны том бүсийг бий болгож байсан. Торгоны зам дэлхийн худалдааны хөгжилд асар том хувь нэмэр оруулсан гэдэг. Тийм учраас манайхан Хятадын “Бүс ба зам” санаачилгыг өөрсдөдөө хамаатуулж ойлгож байгаа. Харин орчин үед Евразийн төвд оршдог гэсэн газар зүйн ашигтай байрлалаас өөр биднийг тоож үзэх ямар шалтгаан байгаа вэ?

-Өнөөдөр манай эдийн засаг хэвээрээ байх уу, илүү томрох уу гэдэг асуулт бидний өмнө байна. Яаж томрох вэ гэхээр Монголд байгаа боломжуудаа экспортлох тухай юм. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна гэдэг жишээлбэл бидний үйлдвэрлэж чаддаг уул уурхайн бүтээгдэхүүнтэй холбоотой. Төмөр, зэс зэргийг дэд бүтэц байгуулахад ашиглана шүү дээ. Хятадын эдийн засгийн бодлого манай нүүрс, төмрийн хүдрийн үнэ, хэмжээтэй шууд холбоотой. Нэгэнт л бид хорвоо дэлхийтэй холбогдсон учраас энэ уялдаа, холбоогоо улам л сайжруулж байж манай эдийн засаг хөгжинө. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Бид аймгуудынхаа өрсөлдөх чадварыг, Монголыг бусад эдийн засагтай харьцуулж үзэж байна. Эрчим хүч, дэд бүтэц, зам харилцааны салбарт бид сүүл барьдаг. Энэ бүхэн бидний бизнес хийх зардлыг нэмж байгаа хэрэг. Монголд бүтээн байгуулалт хийхэд бусадтай харьцуулахад үнэтэй. Шаардлагатай тоног төхөөрөмжөө зөөж авчрах бөөн зардал, түүнийгээ угсарч тавихад бас илүү мөнгө төлдөг. Бид улам уялдаа холбоотой болно гэдэг Монголын компаниуд ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Тэрийг л боломж гэж харж байна. Тодорхой салбаруудаар нарийвчилж ярилцах юмнууд гарна. Эрчим хүч миний гадарладаг салбар л даа. Хятад, Орос, Япон, Солонгостой уялдаж, сүлжээнд орохгүй бол Монголоос эрчим хүч экспортлох боломжгүй. Судалгаа хийж байна. Монголд газар аваад нар, салхины эрчим хүчний судалгаануудаа хийгээд явж байгаа компаниуд бас бий.

-Уялдаа холбоогоо сайжруулах гэснээс эргэлзээтэй юмнууд бас байдаг. Орос, Хятадын хооронд байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголоор дайруулах тухай их яригдсан. Бид ашигтай байрлалд байгаа гэж итгэсэн. Гэтэл энэ хийн хоолой Монголыг тойрчихсон шүү дээ?

-Ашигтай байрлалд байгаа гэж бид бодож байгаа. Гэхдээ бодох нэг хэрэг, судалж, хийх нэг өөр. Хийхийн тулд бодитой судалгаа хийх учиртай. Гэтэл бид зах зээлээ судлаагүй байж, ийм юм үйлдвэрлээд зарчихна гэж ярих утгагүй. Эсвэл газрын зураг харж байгаад “Манай нутгаар дамжихад ойрхон юм байна” гэдэг. Гэтэл яг тэр хэсэгт нь өндөр уул байвал хоолой тавихад асар их зардал гарна. Тэр бүхнийг тооцож хардаггүй. Суурь судалгаа, тооцоогоо хийж байж хүнтэй ярих хэрэгтэй. Ийм боломж байна гэдгээ эдийн засаг, санхүү, техникийн талаас нь судалж үзэж байж, тэр төслүүдийг хийнэ. Түүнээс биш хий хоосон ярих амархан. Монголд үнэхээр нөөц байгаа юу гэвэл бий. Яг юу байгаа, гол нь хэн хэрэглэх вэ гэдгийг ойлгож байж амжилтад хүрнэ. Тийм учраас энэ чуулганыг хийж байгаа юм. Монгол компаниудад маань ямар боломж байгааг, бид юу үйлдвэрлээд хаашаа зарж болох вэ гэдгийг сайн ойлгох учиртай. Тэгэхийн тулд бид хил дамнасан дэд бүтцүүдийг барих хэрэгтэй.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх, гурван улсын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах асуудалд ахиц гарах шиг болсон. Бас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай яригдсан. Тэр нь бодвол сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой байх?

-Хятадын зах зээлийг жаахан ажиглаад үзье л дээ. Маш том зах зээл учраас бид бүгдийг нь ойлгож, мэдэхгүй. Жилд 6-7 хувьтай өснө гэж ОУВС, олон улсын байгууллагууд мэдэгддэг. Эрчим хүчний хэрэгцээ нь бас жилдээ гурваас дөрвөн хувиар нэмэгдэх төлөвтэй. Хятад дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч шүү дээ. Тэр хэрэглээг яаж байгаль орчин, уур амьсгалд сөрөг нөлөөгүйгээр хангах гэдэг дэлхийн улс орнуудын толгойгоо ажиллуулж байгаа сэдэв. Хятадын сүлжээ рүү яаж холбогдох вэ гэдэг судалгааг Монгол Улс хийж байна. Тодорхой хариу гарахаар Монголд ийм хэмжээний нар, салхины эрчим хүчийг бий болгож болох юм байна. Энд нүүрсний том ордод түшиглээд цэвэр нүүрсний технологийг ашиглан, станц байгуулаад цахилгаан гаргах юм байна гэдэг тодорхой болох юм. Банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд дурын нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхээ байсан. Яаж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх вэ гэж харж байна.

-Та Монголын анхны салхин цахилгаан станц барих ажлыг удирдсан хүн. Гэхдээ одоо ч хүмүүс манай салхи хуурай, чанар муутай гэх мэтээр ярьцгаадаг. Үнэхээр бид нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ бусдад зарах боломж байгаа юу?

-Ерөнхий судалгаа бий. Түүнийг харвал “Тийм боломж бидэнд бий” гэдэг нь ойлгомжтой болсон. Монголын хил даваад салхи нь илүү чанартай, нар нь илүү илчтэй болчихгүй шүү дээ. Манайд нөөц байгаа нь ойлгомжтой. Хэрэглэгч, зах зээлээ бид ойлгож судалж байж, юу үйлдвэрлэх вэ гэдгээ төлөвлөнө.

-Орос, Хятад гээд эрчим хүчний хамгийн том хэрэглэгч хөршүүдийн маань зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах сонирхол байгаа гэж ойлгож болох уу?

-Байгаа. Бүс нутгийн эрчим хүчний сүлжээг яаж бий болгох вэ гээд ажлууд идэвхитэй хийж байна. Хятад, Орос, Солонгос, Японы эрчим хүчний компаниуд ч мөн судалгаа хийж байгаа. Дээд хэмжээний уулзалт, айлчлалуудын үеэр энэ тухай яригдаад ажил болоод явж байна. Ерөнхий сайдын айлчлал, Ерөнхийлөгчийн ноднин тохирсон эдийн засгийн коридор чухал. Бидэнд орон зай нээж өглөө шүү дээ.

-Хятадын зах зээлээс яаж ашиг хүртэх вэ гээд дэлхийн улсууд тэмцээд байдаг. Гэтэл монголчууд хамгийн ойрхон байж ашиг хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл явдаг?

-Монголын нийт бараа эргэлтийн 68.7 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа байна. Тэрийг ашиг хүртэхгүй байна гэж хэлэх үү. “Бүс ба зам”-аас ашиг хүртэх гээд явж байна. Ерөнхий сайд нь хамтарч ажиллана шүү гээд хорь гаруй хэлэлцээр хийлээ. Ажил явж байна. Монголын зах зээл маш жижигхэн. Зөвхөн Монголд бизнес хийе гэж хүн бараг л ирдэггүй. Гурван сая хүнд юу зараад бизнес томрох юм бэ. Монголд ирж бизнес хийж байгаа хүн яаж энэ бүс нутгийн зах зээл рүү гарах вэ гэж харж байгаа. Зах зээлээ маш сайн ойлгодог улсууд л Монголд ирдэг. Гэхдээ хүн өөрт байхгүй юмаа бусдад зарж чаддаггүй. Өнөөдөр эрчим хүчнийхээ дотоодын зах зээлийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Тэгэхийн тулд дор хаяад үнийн асуудлаа шийдэхгүй бол ахиад бид том боломжоос хоцрох гээд байна. Үнэ нэмэхгүй гээд байвал эрчим хүчний салбар хөл дээрээ босохгүй. Тэгвэл бид яаж Хятад руу том экспорт хийх тухай ярих вэ. Бодлогын шийдвэрүүд тууштай хэрэгжээд явбал эдийн засаг эрүүлжнэ. Гаднаас хүн ирээд Монголд хөрөнгө оруулдаг болно. Дотооддоо сэргээгдэх эрчим хүчээ хангалттай хэрэглэж, ашигладаг, барьж байгуулдаг болчихоод бид гадныханд зарна шүү дээ.

-Зарах гэж байгаа бүтээгдэхүүнийх нь үнийг доод түвшинд барьчихаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн хувьд ашиггүй болчих байх л даа?

-Шинэ станц барихад хөрөнгө оруулсан зардлаа нөхөх хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээний төлбөр хийгдэхгүй бол хүн бизнес хийхгүй, энэ салбарт хөрөнгө оруулахгүй шүү дээ.

-Сая Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар болсон байна лээ?

-Мандалговь, Улаанбаатарыг холбовол төвийн эрчим хүчний сүлжээ илүү бат бэх найдвартай болно гэсэн үг. Өнөөдөр манай сүлжээ, жижигхэн, найдваргүй. Том үйлдвэр барихад эрчим хүч шаардлагатай болдог. Ийм тохиолдолд гаднаас үйлдвэр барихаар ирсэн хүн өнөөдөр хийх хөрөнгө оруулалтаа хойшлуулахаас аргагүй. Дотоодын зах зээлийг яаж өсгөх нь гадаад зах зээлтэй холбоотой. Түүнийгээ зөвхөн улстөрчид ярьдаг биш компаниуд нь ярьдаг болъё. Ямар боломжууд байна гэдгээ судалъя. Монгол компаниуд ч бас л хөршүүдтэйгээ бизнес хийж байж л томроно.

-Бизнес эрхлэгчид чуулахдаа зөвхөн Монголын компаниуд биш гаднаас хүмүүс урих юм байна лээ. Ямар хүмүүс ирэх вэ?

-Бүс нутгийн дэд бүтцийг санхүүжүүлэхээр байгуулсан, шинэ банк сангууд, олон улсын банк санхүүгийн төлөөлөгч нар ирж, дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар ярилцана. Өөрөөр хэлбэл боломжуудыг бидэнд илүү ойлгуулж өгнө. Эрчим хүчний компанийнхан ирж, эрчим хүчний зах зээлийн талаар ярилцана. Элчин сайд нар, яамдын төлөөлөл ирж бодит мэдээлэл өгнө. Бодит мэдээлэл олж авч байж бизнесийн оновчтой шийдвэр гаргахад ашиглана.

-Бид Азийн, цаашилбал дэлхийн сүлжээнд нэгдэх тухай ярьж байна. Харин дотооддоо хэр сүлжээнд орж, бие биенээ ойлгож чаддаг улс вэ. Мэдээж Монголын бизнесийн зөвлөл нэг сүлжээ нь байх л даа?

-Компаниудын хувьд хамгийн зөв шийдвэрийг ямагт гаргахыг хүсдэг. Өнөөдөр бизнесийн шийдвэр гаргахад хамгийн хэрэгтэй өгөгдөл бол мэдээлэл. Монгол компаниуд мэдээллээ олж авах өөрийн гэсэн суваг хангалттай бий. Манай компаниуд ер нь сүрхий шүү. Монголын бизнес эрхлэгчид хамт суугаад ярилцдаг, гарц хайдаг, мэдээлэл авдаг болсон.

Сэтгүүлч Б.Янжмаа