УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.05.25

Д.Тэрбишдагва: Төв Азийн ганцхан ардчилсан орон жил 20 гаруй жил хөөргөлөө шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн түүх болоод ирээдүйд өрнөх үйл явцын талаар хэлж анхаарууллаа. 

Гадаад харилцааны чухал суурь нь эдийн засгийн аюулгүй байдал. Монгол Улсыг тодорхой бүлэг, хүчнүүд ардчилал зах зээлийн замд хүчээр оруулсан. Тэр бүлгийн тодорхой төлөөлөл өнөөдөр энд орж ирж байна. Монгол Улсыг бус тодорхой хүчнийг, тэр дундаа төрийн бус байгууллагыг төлөөлж байсан хүмүүс энэ удаад Элчин сайдаар томилогдох гэж байна.

Бид тэднийг 20 гаруй жил баярлуулсан бол одоо тэд бидэнд туслах ёстой. Бидэнд буцалтгүй тусламж үзүүлэх ёстой. Бидэнд өртэй. Төв Азид зөвхөн ардчилсан орон гэж биднийг 26 жил хөөрөгдөж, Монгол Улсын эдийн засгийн хямрал, дотоод зөрчлийг бий болгосон тусгай хүчнүүд ч бий.

Тиймээс хэнийг Элчин сайдаар томилох вэ гэдгээ онцгой анхаарах ёстой. Монгол Улсыг хөл дээрээ нь босгохгүй. Харин ч эсрэгээрээ Рио Тинто, ОУВС-гийн барьцаанд оруулахыг оролдож байна. Төв Азид ганцхан байгаа ардчилсан орны эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал амаргүй байна гэдгийг сайтар ойлгуулж тусламж, дэмжлэг авах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг хүсье.

Эрдэнэт үйлдвэр Засгийн газрын асуудал хэдий ч олон улсын харилцаагаар мэргэшсэн хүний хувьд Л.Пүрэвсүрэн бичиг явуулдаг нь буруу болсон. Тухайн үед энэ асуудал Үндсэн хууль зөрчиж байна, УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэдгийг сануулсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэх байсан уу? Бизнесүүд, Засгийн газрын хооронд хэрүүлийн алим болголоо.

ХБНГУ-д сургууль төгссөн 30 гаруй мянган хүн байдаг. Германаар сэтгэдэг, Германы хэл, соёл түүхийг дэндүү сайн мэддэг хүн хангалттай олон бий. Тиймээс энэ хүмүүсийн төлөөлөл дундаас оруулж ирээгүйд тун харамсалтай байна.

Төр өөрөө зарчимтай. Зарчимтай үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хэнээс ч айх ёсгүй.

Эдийн засгийн тэргүүлэх улсуудад томилогдож байгаагийн хувьд хариуцлагатай байх ёстой. Томилогдохын өмнө хэлсэн ярьсан зүйлээ биелүүлэх хэрэгтэй. Өнөөдөр шинээр томилогдож байгаа зургаан Элчин сайдаас Монгол Улсын хөгжил тодорхой хэмжээгээр шалтгаална шүү.