Чойжилсүрэн.Б 2017.05.26 | Сайт: Vip76.mn

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжлээ

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжлээ

Хэлэлцэхийг дэмжлээ

17:34 цагт

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 80,4 хувь нь үзлээ. 

Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэхдээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тус байнгын хорооны даргад хандаж, үндсэн чиглэлийн төслийг сайжруулахыг хүссэн юм. 

Үдээс хойших хуралдаанаар эцэслэн шийднэ

14:45 цагт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж, цаашид хэлэлцэх эсэхийг үдээс хойших хуралдаанаар эцэслэн шийдэхээр тогтлоо. 

Үдээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын 30 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн юм. 

Тэд эдийн засаг, нийгмийн хүрээний олон чухал асуудал хөндсөний дотор хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, төсөв хөрөнгө оруулалтын зарцуулалт, өмч хувьчлал, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн тухай асуудал зонхилж байсан. 

Гишүүд салбар хариуцсан яамдыг нэр заан асуултаа хийж байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй сайжирч байгаа боловч 2018 оны үндсэн чиглэлд тусгагдаагүй бөгөөд хүлээлт үүсгэж байгаа олон чухал асуудлыг байгааг төсөлд тусгах боломжтой эсэхийг тодруулж байлаа. 

Үдээс хойших хуралдаанаар тогтоолын төслийг дэмжих, дэмжихгүй байр сууринаас гурав, гурван гишүүн үг хэлсний дараа "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

10:30 цагт

Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгажээ.  Үүнд,

- Макро эдийн засгийн бодлого

- Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого

- Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого

- Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого

- Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого

Эдгээр 99 арга хэмжээг нийт 7 их наяд 311,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэж төлөвлөжээ. Ингэхдээ

- Улсын төсвийн хөрөнгөөр 318,1 тэрбум төгрөг

- Гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541,5 тэрбум төгрөг

- Төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436,4 тэрбум төгрөг

- Бусад эх үүсвэрээс 15,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.