Баасанхүү.О 2017.05.26 | Сайт: Мэдээ.МН

О.Баасанхүү: Би МАХН-аас гарна гэж хэлээгүй шүү

О.Баасанхүү: Би МАХН-аас гарна гэж хэлээгүй шүү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны нэрээр хуурамч хаяг нээж, “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа” гэх утга бүхий мэдээлэл цацжээ. Та хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан уу?

-Өнөөдөр Монгол Улс Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болж байна. Үүнтэй холбоотойгоор Б.Чойжилсүрэн сайдын нэрээр хуурамч аккаунт нээж, худал мэдээлэл тараасан. Өнөөдөр миний нэрээр мөн тийм худал мэдээлэл цацагдлаа. Миний хувьд Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсонд баярлаж, хөөрөөд байгаа юм алга.

Гэхдээ бидэнд өөр гарц алга. Ойрын үед Хятадын хоёр тэрбум төгрөгийн своп хэлцлийн өрийг дарах ёстой. 580 сая ам.доллар төлөх гэж ямар хүнд байдалд орлоо доо. Хэрэв энэ хөтөлбөрт орохгүй гэвэл Хятадаас 4,5 тэрбум доллар зээлэхээс өөр гарц үлдэхгүй. Эргээд бид өрийн дарамтад орох, нэг улсын хараат болох аюултай.

Тиймээс Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байгаагүй. Би Тагнуулын Ерөнхий газар албан бичиг өгсөн. Яаралтай шалгаж тогтоо, зорилгыг нь олох ёстой. Хоёр ч хүний хаягаар хуурамч мэдээлэл түгээж байгаа нь цаашид эдийн засгийн агуулгаараа ч тэр үр дагавар нь ноцтой.

-Ямар зорилготойгоор ийм мэдээлэл тараагаад байна гэж та бодож байна вэ. Үнэхээр Худалдаа хөгжлийн банкны нөхцөл байдал хүндэрч байгаа талаархи мэдээллийг та өмнө нь сонсож байсан уу?

-Худалдаа хөгжлийн банкны нөхцөл байдал хүндэрсэн талаар албан болон албан бус ямар ч мэдээлэл надад ирээгүй. Ардын намын хаалттай хурлын талаархи мэдээллийг би сонсоо ч үгүй. Би Чойжилсүрэн гишүүнээс асуусан. Тийм яриа болоогүй гэж хэлсэн. Мэдээлэл нь худал. Тиймээс Тагнуулын Ерөнхий газрыг үндсэн ажлаа хий гэж хэлээд байгаа юм.

-“Эх орноосоо урвах” гэсэн заалтыг байхгүй болгосон гэж таны хийсэн мэдээлэлтэй холбогдуулаад Тагнуулын Ерөнхий газар мэдэгдэл гаргасан байсан?

-Энэ ёс зүйгүй үйлдэл. Тэд хууль хэрэгжүүлдэг агентлаг. Яагаад гэхээр УИХ дээр орж ирсэн Эрүүгийн хууль албан ёсоор батлагдаагүй байгаа. Эцсийн найруулга сонссоноор батлагддаг. 2002 оны 79 дүгээр зүйл “Эх орноосоо урвах” гэдэг заалтыг төгс гэж хэлээгүй. Гэхдээ одоогийн оруулж ирсэн заалт нь цэвэр хуулийг гуйвуулсан.

Тайлбар нь ч гэсэн буруу байна лээ. Цэргийн тангараг өргөсөн хүмүүс тангаргаасаа няцвал эх орноосоо урвалаа гэдэг. Тэр нь дайны цагт уу, энхийн цагт уу гэдгээс үл хамаарна. Тагнуулын байгууллагын ажилчид ч цэргийн тангараг өргөдөг. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа юм. Хууль хэрэгжүүлдэг, хүчний байгууллага ингэж мэдэгдэл хийж байгаа нь аймшигтай. Тагнуулын байгууллагад итгэхэд бэрх байна.

-Сүүлийн үед та фэйсбүүк хуудсаараа лайв /Live/ хийгээд, эрх баригчил ирцээ бүрдүүлэхгүй байгааг шүүмжилж байгаа. Үр дүнтэй байж чадаж байна уу?

-Ирц бүрдүүлээч гэдэг ганц шаардлага тавиад байгаа юм биш. Ирцтэй холбоотой асуудлаар гарцыг нь зааж өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл хурууны хээгээр санал өгдөг болгомоор байна гэж иргэд хэлээд байна. Дэлхийн улс орнуудын парламент хурууны хээгээр саналаа өгдөггүй юм байна. Уг нь гишүүд бусдынхаа өмнөөс кноп дарахаа больчих юм бол заавал мөнгө үрээд, тоног төхөөрөмж солих шаардлагагүй.

Тэдний буруугаас болж улсын төсвөөс мөнгө гаргах нь зохисгүй. Тиймээс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ асуудлыг шийдэж болж байгаа юм. 10 секунтэд кноп дардагийг болиулаад хоёр секунд болгооч гээд байгаа юм. Хуулинд өөрчлөлт оруулах шаардлага ч байхгүй.

-Эрх баригчид энэ асуудлыг нааштай шийдэх үү?

-Шийдэхгүй байна шүү дээ. Тэд дургүй байна л даа. Ардын намын 65 гишүүнээс 40 гишүүн нь шинэ байна. Шинэ гишүүд уг нь хуралдаа илүү идэвхитэй суух ёстой. Харамсалтай нь хурлын ирц бүрдэхгүй, хүний өмнөөс кноп дарж байгаа нь төрөө доромжилж байгаа хэрэг.

-Эрүүгийн хуультай холбогдуулаад Зам тээврийн дэд сайд твиттер хуудсаараа таныг “доромжилсон” байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, ингэж бичиж болохгүй гэдгийг зарим хүмүүс хэлсэн байна лээ. Та хоёр учир зүйгээ ололцсон уу?

-Би тэр хүүхдийг мэднэ л дээ. Улаанбаатар Радиогийн эзний охинтой гэрлэсэн юм. Энэ нөхдүүд С.Ганбаатарыг тууштай дэмждэг юм байна лээ. Тэр утгаараа буруу ойлголт авсан юм болов уу гэж бодоод байгаа юм. Ардын намаа бодож байгаа бол ийм тэнэг үйлдэл хийхгүй л дээ. Энэ бол эрүүл ухаантай хүний хандлага биш. Тэр хүн хуульч биш. Гэхдээ би хуулийн салбарт байдаг хүн. Тиймээс салбараараа улс төр хийдэггүй. Энэ хуулийг хүн болгон харж байна. Би энэ заалтыг мэргэжлийн хувьд хэлээд байгаа юм. Гэр бүлээрээ С.Ганбаатарыг бишрэн шүтдэг хүмүүс юм билээ. Тиймээс Ардын намдаа дургүй байгаагийн л шинж  гэж бодож байна.

-МАХН-аас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Та дэмжихгүй байх шиг байсан. Намаасаа гарах юм уу?

-Би намаас гарна гэж хэлээгүй шүү. Намайг намаас гарахад битгий хүргээчээ л гэж хэлсэн. Би зарчмын юм л хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч дотоод, гадаад хоёр бодлогодоо хатуу байр суурьтай байх ёстой. Тиймээс би Л.Эрдэнэчулуун гээд гурван үеэрээ элчин сайд хийж байсан хүнийг нэр дэвшүүлье гэсэн. Дэмжихгүй гэсэн. Тэгвэл Н.Энхбаяр даргын өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Нарангэрэл гуайг нэр дэвшүүлье гэсэн. Өөрийнх нь төлөө ажиллаж, тэмцэж байсан хүн. Төрийн болон улс төрийн туршлагатай нэр цэвэр энэ хүнийг нэр дэвшүүлье гэхээр 10 тэрбум төгрөгөө төл гэсэн. Нөгөө хүн нь “шок”-нд ороод больё гэсэн. Намайг ингэж ярихаар О.Баасанхүү “Женко”-гоос мөнгө авсан гэж манай намынхан яриад байгаа юм билээ.

-Тийм зүйл болсон юм уу?

-Миний өмнөөс хэн нэгэн авчихаагүй бол би тэр хүнээс нэг зоос ч аваагүй. Их хуралд намайг их хардаж байна. Байр авсан л гэнэ, “Ланд” машин авсан л гэнэ.  

-Нэгэнтээ С.Ганбаатар нэр дэвшихээр болсон юм чинь та дэмжиж ажиллана биз дээ?

-Би өдрийн 20 мянгаар ойролцоогоор 100 гаруй хүнийг Орхон аймагт ажиллуулъя гэж тооцоод, мөнгийг нь намын данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Би Орхон аймгийн намын штабыг ахалж ажиллая гэж намын даргад хэлсэн. Чи өөрөө мөнгөө ол гэсэн. Би хаанаас олох вэ дээ. Миний ажил зогсчихоод л байж байна. Нам нэр дэвшигчээсээ санхүүжилтээ гаргаж өгнө биз.

-Мөнгө өгөхгүй бол та ажиллахгүй юм байна гэж ойлголоо?

-Ажил явахгүй шүү дээ.

-МАХН-ынхан МАН-тай тохиролцоод С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн гэх яриа байгаа. Нэлээд их хэмжээний мөнгөний тухай зарим хэвлэлээр бичигдсэн байсан?

-М.Энхболд даргаас “Та нар тохироо хийсэн юм уу” гэж асуусан. Үгүй гэж хэлсэн. Өөрсдөө гайхаад байна лээ. Яагаад С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн юм бэ гэж байна лээ.

-Та С.Ганбаатар нэр дэвшигчтэй уулзсан уу?

-Би С.Ганбаатартай найз. Чи надтай уулзах ёстой гэж хэлсэн. Суудал бүхий нам гэдэг утгаараа суудлыг нь авчирсан гишүүнтэйгээ ярих ёстой. Би хувь хүнд нь баяр хүргэсэн. Гэхдээ МАХН-ын гишүүд өнөөдөр сонгуулийн ажилд үнэгүй явахгүй шүү гэж хэлсэн. Нэгдүгээрт бид сонгуульд орох ёстой. Хоёрдугаарт сонгуульд ялах ёстой. Тиймээс зөв бодлого, зөв санал, зөв хөтөлбөрөө гаргах ёстой.

-С.Ганбаатар нэр дэвшигч танд өмнө нь “Би нэр дэвшихгүй” гэж хэлж байсан даа?

-Тийм ээ. Бага чуулганы  бүх гишүүд харж, сонсож байсан.

-Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлээд, бүртгэж авахгүй нь бараг тодорхой байсан юм биш үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгч нартайгаа шинэ жилээр уулзаад цай уугаад, тогоо руу өнгийж байгаа зураг байдаг. Энэ үеэс эхлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилдаг юм байна, зангарагтай ханддаг юм байна, адилхан Ерөнхийлөгч байсан хүндээ өгөөмөр ханддаг юм байна гэж бодсон. Тиймээс Н.Энхбаяр даргыг нэр дэвшинэ гэдэгт 100 хувь итгэлтэй байсан. Гэхдээ сүүл рүүгээ байдал бишдээд ирэхээр нь “Та нэр дэвшээрэй, юмыг яаж мэдэх вэ” гээд Л.Эрдэнэчулуун гуайг нэр дэвшүүлье” гэж хэлсэн.

-С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх тохироо хэдийнэ хийгдсэн байсан юм биш үү. Нэр дэвшсэн өдрөө л бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн?

-Тийм байсан юм биш байгаа гэж санаа зовж байгаа юм. Нам гэдэг чинь багийн тоглолт байх ёстой. Хүндлэх, хүндэтгэх ёс гэж байх ёстой. Тэрэн дээр нь би бухимдсан. Түүнээс биш намаасаа гарлаа гэж хэлээгүй. Гол нь одоо сонгуульдаа ялах ёстой.

-Ялж чадах болов уу?

-Ялж чадахгүй бол дандаа ингэж хохирох юм уу. Шинэчлэх гээд үзье.

-С.Ганбаатар нэр дэвшигч танай намд хэзээ элссэн юм бэ?

-Нэр дэвшихээс цагийн өмнө ороо байлгүй. Уг нь дээр үед МАХН-д орох гэж өргөдөл өгч, гурав, дөрвөн үеийн намтараа бичиж, хоёр гурван хүнээр батлан даалгуулж ордог байлаа. Одоо иймэрхүү байдалтай намыг маань авч яваа болохоор бухимдаад байна. МАХН ялна. Хамгийн гол нь хамтын шийдвэр байх ёстой.

Ж.ГАНАА