Б.Бат-Эрдэнэ: Зэвсэг, техникийн шинэчлэл хийгээгүй 27 жил болж байна
Батлах хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.05.26

Б.Бат-Эрдэнэ: Зэвсэг, техникийн шинэчлэл хийгээгүй 27 жил болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг салбарын яамд нарын хариуцсан асуудлаар тодруулга хүслээ. Гишүүний асуултад Б.Бат-Эрдэнэ сайд хариуллаа.

Зэвсэг, техникийн шинэчлэлийн ажилд хөрөнгө төсөвлөөгүй удаж байна. 1990 оноос хойш 27 дахь жилдээ энэ ажилд огт хөрөнгө зарцуулаагүй байдаг. Зэвсэгт хүчний техник, хэрэгсэл бол 30-аас дээш жилийн насжилттай, хүнд нөхцөлд байна. Энэ талаар Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх үеэр тодорхой танилцуулсан. 

Батлан хамгаалахын багц хуулиар бол УИХ нь Зэсвэгт хүчний дээд удирдлагыг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны удирдлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, асуудал эрхэлсэн сайд хариуцна гэж заасан. 

Тиймээс эдгээр эрх бүхий субьектүүд бодлого, хөрөнгө оруулалтыг шийдэж өгөх учиртай. 2018 оны үндсэн чиглэлд Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам хамтран зургаан тодорхой зорилт хэрэгжүүлнэ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд 316,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэсэн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам 60-70 тэрбум төгрөгт багтах чиглэл өгсөн. Ингээд төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж гурван зорилт нь хасагдсан.

Үлдсэн гурван зорилтын биелэлтийг хангах үүднээс Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр болсон. Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь Энхийг дэмжих ажиллагаанд алба хаасан цэргүүдийн зардлын 30 хувь, техникийн түрээсийн хөрөнгөөр санхүүждэг. Цаашид энэ байдлаараа удаан явах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.