Чинзориг.С 2017.05.26 | Сонин: Засгийн газрын мэдээ

С.Чинзориг: ТАЗ хяналтын чиг үүргийг түлхүү хэрэгжүүлнэ

С.Чинзориг: ТАЗ хяналтын чиг үүргийг түлхүү хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн С.Чинзориг

65 нас хүртэл нь хугацаагүй томильё гэсэн асуудал яригдаж байна

Төрийн албаны тогтолцоог өөрчлөх хоёр ч хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр Засгийн газрын бүтэц тогтвортой байвал төрийн алба тогтвортой байх үндэс бүрдэнэ гэдгийг онцлов.

-Та Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилж, өргөн мэдүүлсэн. Уг хуулийг шинэчлэх шаардлага юу байв?
-Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан. Уг хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Энэ удаад УИХ-ын нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн барьсан. Хуулийг шинэчлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага бий. Сүүлийн жилүүдэд УИХ-ын сонгуулийн үр дүнд Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин төрийн албыг тогтворгүй болгодог, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нэрийдлээр нэлээд хөдөлгөөнд оруулдаг. Энэ нь эргээд төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчмыг алдагдуулж байгаа юм.
Хамгийн чухал нь төрийн алба тогтворгүй, мэргэшсэн бус байснаас болж төр хүчгүйдэх, иргэдийн төрд итгэх итгэл сулрах зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн төрийн захиргааны албан хаагч шат ахин дэвшдэг байх тогтолцоо бий болгох хэрэгтэй. Мэргэшсэн бус албан тушаалтнууд төрийн байгууллагыг удирдахаар төрийн залгамж алдагдаад байна. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албанд ажиллаж байгаа хүн заавал шат ахиулан дэвшдэг байх зарчмыг тусгаж өгсөн.
Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн бие даасан байдлыг дээшлүүлэх, улс төрөөс хараат бус болгох шаардлага байна. Энэ ч үүднээс тус зөвлөлийн хяналтын чиг үүргийг өргөжүүлэхээр хуулийн төсөлд заасан. Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, өөр албан тушаалд томилсон, чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Төрийн албаны зөвлөлд өгөхөөр тогтсон. Энэ мэт зарчмын томоохон олон өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байна. 
-Төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн бий болгох вэ?
-Үүнээс өмнө Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт тогтвортой байх нь чухал. Бүтэц тогтворгүй байснаар сонгууль болгоны дараа яамдыг өөрчлөн байгуулдаг. Засгийн газрын бүтэц тогтвортой байвал төрийн алба тогтвортой байх үндэс бүрдэнэ гэсэн харилцаа уялдаатай асуудлыг ид ярьж байна. Яг одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал гол сэдэв болж байна. Хэрэв өөрчлөлт оруулах бол Засгийн газрын яамдын тоо, нэрийг хуульчилж өгье гэж шийдсэн.
Нөгөө талаар зөвхөн бүтэц биш зохион байгуулалт ч төрийн албыг тогтвортой байлгахад тодорхой нөлөөлдөг. Засгийн газрын сайд нар яамдын зохион байгуулалтыг дур зоргоороо өөрчлөх нь бий. Үүнийг таслан зогсоох ёстой. Хэрэв ингэж чадвал төрийн алба тогтвортой байх нэг нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны нийтлэг нөхцөл шаардлагыг хуульчилна. Төрийн албан хаагчийг шат ахиулан дэвшүүлдэг зарчим нь төрийн албыг тогтвортой байлгахад чиглэсэн бас нэг зохицуулалт юм. 
-Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөжүүлэхээр тусгасан байсан. Гэхдээ төрийн албан хаагчийн шалгалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулахаар заажээ?
-Одоогийн хуульд Төрийн албаны зөвлөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргасан ажлын байрны тодорхойлолтод нийцүүлж, сонгон шалгаруулалт явуулан, тэнцсэн иргэдийг эргээд Засгийн газарт санал болгодог тогтолцоо үйлчилж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хяналтын чиг үүрэг рүү нилээд чиглүүлэх талын зохицуулалт орсон.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт хууль бус явагдсан эсэхийг хянах эрх нь Төрийн албаны зөвлөлд бий. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөн бол шийдвэрийг нь хүчингүй болгох эрх олгосон. Ингэж тус зөвлөл хяналтын чиг үүргийг түлхүү хэрэгжүүлдэг болох юм бол төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зөв үү, буруу юу гэдэг асуудал урган гарсан.
Нэг гараараа төрийн албан хаагчийн шалгалт явуулдаг, нөгөө гараараа ажилд томилсон, халсан шийдвэрийг хүчингүй болгох нь хэр оновчтой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ ч үүднээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь төрийн албан хаагчийн шалгалтыг зохион байгуулдаг байх нь зөв гэж үзээд хуулийн төсөлд тусгасан юм.
-Төрийн албаны зөвлөлийн гишүүний хараат бус байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
-Одоо бол Төрийн албаны зөвлөл долоон гишүүнтэй. Гурван гишүүн нь орон тооны, дөрөв нь орон тооны бус. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, УИХ-ын Тамгын газрын ЕНБД, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга гээд улс төрийн албан тушаалтнуудаас хэт хамааралтай хүмүүс зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллаж байгааг өөрчилнө.
Ер нь орон тооны гишүүдийн тоог цөөлөх бодлого барьж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэх зорилгоор зөвлөлийн гишүүдийг хугацаагүй томилох зохицуулалтыг ч тусгаж өгсөн. Ингэснээр улс төрөөс хараат бус шийдвэр гаргахад нь дэм болно. Төрийн албан хаагчийн дээд нас 65.
Тиймээс 65 нас хүртэл нь хугацаагүй томильё гэсэн асуудал яригдаж байна. Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн ажилтан, албан хаагчдыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх шаардлага бий. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, текстийн агуулгыг өөрчлөх, шинэчлэх, төрийн албан хаагчийг бэлтгэх сургалтуудыг нэгдсэн стандарттай болгох гэх зэргээр хийх ажил их байна.