Оюун-Эрдэнэ.Л 2017.05.26 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр Засгийн газар ямар бодлого барьж байна?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр Засгийн газар ямар бодлого барьж байгаа талаар тодрууллаа. 

Л.Оюун-Эрдэнэ: Сангийн сайд та аялал жуулчлалын салбарт ямар өв үлдээх вэ?

Өнгөрсөн хугацаанд янз бүрээр хэлүүлж байсан ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонд талархаж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн танд илэрхийлье. Үр дүн чухал. Мөрийн хөтөлбөрөө тоогоор илэрхийлэхийг төсөв гэж үздэг. 2016 он бол сонгуулийн жил байсан, 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах байсан гэсэн шалтгаанаар МАН 2018, 2019 онд мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдгийг тоон хэлээр илэрхийлнэ гэсэн үг.

Үндсэн чиглэлийн төслийн хүрээнд аялал жуулчлалтай холбоотой хэд хэдэн зүйл яригдлаа. Эдийн засгийг төрөлжүүлэх гол зорилтыг аялал жуулчлал гэж харж байна. Энэ асуудлаар хувь гишүүний хувиар санаачилга гарган ажиллаж байна. Салбарын сайд нартай уулзахаар болно гэдэг. Гэтэл тухайн ажлыг тоон хэлд хөрвүүлж, Сангийн яам дээр очихоор учир дутагдалтай зүйл олон байна.

Үндсэндээ Монгол Улс Төсвийн байнгын хороо гэсэн ганц байнгын хороотой, Сангийн яам гэсэн ганцхан яамтай мэтээр явж байна. Тиймээс аялал жуулчлалтай холбоотой асуудлаар 2018, 2019 онд Сангийн сайд та ямар хэмжээний төсөв зарцуулна гэж төлөвлөж байна вэ?

Үйл явцаас илүү үр дүн чухал гэдэг. Дөрвөн жилийн дараа та Сангийн сайдын хувьд аялал жуулчлалын салбарт ямар өвийг тоон хэлээр үлдээх вэ?

Өмч хувьчлалын талаар асуудал хөндөхөд ЗГХЭГ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн үйл явц өрнөдөг энэ байдал сүүлийн 20 гаруй жил үйлчилсэн байдаг. Эхлээд УИХ-ын сонгуулийн дараа гэдэг. Дараа нь орон нутгийн сонгууль болно гэдэг. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэхээр бүрэн эрхийнх нь тавин хувь дууссан байдаг.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Аудитын Ерөнхий газрын дарга аудит хийж байгаа юу? Улс эх орны төсөв, санхүүгийн асуудал хэлэлцсэн шийдвэрлэсний дараа шинээр Ерөнхийлөгч томилогдонгуутаа Засгийн газартай ижил байр суурь илэрхийлж, уг үзэл баримтлалыг эвдэх эрсдэл хэр байгаа вэ?

Угтаа бол Улсын Ерөнхий аудитор нь төсөв батлагдсаны дараа аудит хийх биш, гарч болох эрсдлийг урьдчилан тооцоолох албан тушаалтан. Үүнийг би удаа дараа илэрхийлж байна. Энэ үзэл баримтлалаа олон нийтэд ил тод, нээлттэй болгох тал дээр Сангийн сайд санаачилга гаргаач. МУИС дээр мэтгэлцээн зохион байгуулаач.

Яагаад татвар нэмж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал вэ гэдгийг ойлгохгүй тохиолдол байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар ч гэсэн намын удирдлагуудад удаа дараа уриалж байсан.

Монгол Улс шиг 18-хан хоногийн дотор нэг дүүрэг, нэг аймагт очихгүйгээр төрийн тэргүүнээ сошиал, твиттерээр сонгодог улс манайхаас өөр байхгүй. Энэ бүх зүйлд бодитой хандахгүй юм бол популист хөдөлгөөн гэдэг зүйл газар авч, үндсэн төсөв гэж ярьж байгаа зүйл эвдэгдэх магадлалтай.

Б.Чойжилсүрэн: Төслийн ТЭЗҮ бэлэн болсон тохиолдолд санхүүжилтийн үүсвэр татах тал дээр ажиллана

Сангийн сайд

Аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх талаар салбар яамны бодлого гарсан тохиолдолд Сангийн яам гадаад зээл, тусламжийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гадаад талд хариуцдаг нэгжийн хувьд салбарын яамны бодлого, ТЭЗҮ-ээ боловсруулсан төсөл байвал гадаад зээл, тусламжид хамруулах талаар тодорхой дэмжлэг үзүүлж болно.

Таны дэвшүүлсэн санаачилгын талаар сонссон. ТЭЗҮ нь бэлэн болсон тохиолдолд гадаад зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас аль хэсгийг тусгаж болох боломжтой талаар судалгаа хийж, та бүхэнд танилцуулж, зөвшилцөхөд бэлэн байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр шахуу хугацаанд байсан учраас хэлэлцүүлгийг урьдчилан хийх бололцоо гараагүй байсан. Ажлын хэсэгтэй урьдчилан тохирч байж Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор солих шийдэлд хүрсэн. 2018 оны улсын төсөв хэлэлцэх үеэр урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийх тал дээр анхаарч ажиллая.

Д.Оюунхорол: Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 

Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачилж боловсруулсан. Энэ бол маш сайн төсөл. Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санаачилга гаргаж, төслөө сайтар боловсруулсан байна.

Яамны зүгээс улсын хэмжээнд уралдаан зарлаж, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс олон улсад ямар загвар, хэлбэрээр арга хэмжээ авч хэрэгжүүлдэг талаар туршлага судалж, тэднээс яаж ялгарах талаар бодолцох ёстой.

Тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 265 км хатуу хучилттай зам тавих шаардлагатай. Зам тавих ажлын санхүүжилтийг УИХ-аар батлах шаардлагатай. Эхний ээлжинд 10 тэрбум төгрөгийг Их Эзэн Чингис хааны үндэсний хүрээлэн цогцолбор босгоход шаардлагатай гэж үзсэн. 

Д.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийсэн

Монгол Улсын Ерөнхий аудитор 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу хоёр асуудлаар аудитын дүгнэлт гаргасан. 

Нэгд, 2030 он хүртэл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх цогц бодлого, Үндэсний хөгжлийн бодлого

Хоёрт, Зардал нь хэр үнэн бодитой туссан талаар аудит хийж, дүгнэлт гаргасан. Мөн нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуулийн зарчимтай хэр нийцэж байгаад аудит хийж, дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.