"Ган тайлах" хууль
/Багш Хөгжлийн Форум 2017/
2017.05.30

"Ган тайлах" хууль

Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч үндсэн зорилго бус.

Хамгийн гол нь одоогоор өөрт байхгүй, харин багшид нь байгаа тэр мэдлэг, мэдээллийг өөртөө авах хэрэгцээ байгаа учраас сургуулийн танхимд чи ирсэн хэрэг. Иймд ямар муухай багш вэ гэсэн муухай бодол, ямар гоё багш вэ гэсэн хэрэггүй бахархал хоёрын алинд ч автахгүйгээр тэр багшийн заасныг л сураад ав. Сурсан юм чинь чамд үлдэж, муухай болон царайлаг сайхан багшийн аль нь ч тэндээ л хоцорч үлдэнэ гэж сургажээ” гэж бичсэн байв.

Бага байсан болоод ч тэр үү бид ийм л зарчмаар явж, багшийнхаа сайхан муухайг нэг их анхаардаггүй байж дээ. Сайн дүн авах нь л чухал байсан хүүхэд нас болохоор тэр биз. Харин энэ удаа багшийн гараас гарсан 30 хүрч яваа залуугийн нүдээр багш нарыг харахад тэртээ 20-иод жилийн өмнөх бага ангийн багшийн минь дүр нүдэнд харагдах шиг болов. Махлагдуу биетэй, ааштай, илүү ч үгүй дутуу ч үгүй гурван ээлжийн гандсан хүрэмтэй, нэг тийм түс тас хийсэн эмэгтэй байж билээ миний багш.

Хааяа нэг “... Аманд ч үгүй хамарт ч үгүй цалин авчихаад Ангид багтахгүй 40,50 хүүхдэд идэх хоол, унтах нойроо умартан хичээл зааж байхад юу ч сурахгүй ...-үүд” гэж бидэнд уурладаг байсан багшийн төрх одоо хүртэл бодолд уяатай үлджээ. Харин энэ олон жилийн дараа багш нарыг харахад яг л тэр үеийн багшийн минь төрх сэтгэлд ургах нь жаахан гунигтай санагдав. Бүхэл бүтэн 20 гаруй жил өнгөрчихөөд байхад багш хүний үнэлэмж миний мэдэх тэр л янзаар гацчихсан нь тун харамсалтай.

Багш нар өнөөх л миний мэдэх цалин бага, хангамж муу, гурван ээлжээр хичээллэдэг, 40 гаруй хүүхдэд хичээл заадаг хэвээрээ л байх. Багшийнхаа талаар мартах шахсан би “Багш хөгжлийн форум 2017”-д ирээд үүнийг мэдэв, багшийгаа санав. Багшийнхаа амьдрал ямар байсныг сая анх удаагаа эргэцүүлэв.



Эрдэм боловсрол хэмээгч энэ хорвоогийн хамгийн том өглөг бөгөөд түүнийг хайрлагч багшийг Монголын төр мартах шахсан гэдгийг сая л анзаарав. Монголын боловсролын салбар тэр дундаа, багшийн хөгжлийн асуудал 20 жил хур ороогүй нутаг шиг, багшийн минь хуучин хүрэм шиг гандуу байсныг сая л мэдэв.

20 жилийн өмнөхөөс ч илүүтэй багш нарын үнэлэмж буурч, Монголын ирээдүй багшгүй болж ч магадгүй эрсдэлтэй учирсан гэдгийг НИТХ, НЗДТГ, “Монголын залуу багш нарын холбоо” хамтран зохион байгуулж буй“Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрхзүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилготой “Багш хөгжлийн форум 2017”-д ирээд сая л ойлгов.

УИХ-ын гишүүн, “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг санаачлагч Н.Учралын “Багшийн хөгжлийн тухай хууль нь өөрөө нийгмийн захиалга юм” хэмээн форумын нээлттэй цуг эхэлсэн УИХ-ын гишүүн Н.Учралын илтгэл хурсан олны сэтгэлийг хөдөлгөж, алга ташилт аадрын өмнөх тэнгэр мэт нижигнэж байв.

Түүний илтгэлд “Багш мэргэжлийн үнэ цэнийг унагаснаар манай улс ирээдүйд багшгүй болох аюулд ойрхон” байгаа талаар дурдсан юм. Багшгүй болно гэдэг бол Монгол Улсын ирээдүй тун бүрхэг байна гэсэн үг. “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийг боловсруулах ажлын хүрээнд дунд сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан аж. Тус судалгаанд нийт 1852 хүүхэд хамрагдсанаас ердөө 2.9 хувь нь л багш болно гэсэн байна.

Гэтэл урлаг соёлын мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүд  27 хувийг эзэлж байх жишээтэй. Эндээс багш нарын үнэлэмж нийгэмд хэрхэн уруудсан гэдгийг харж болох юм. Түүнчлэн багшийн үнэлэмж муудсан талаар хэд хэдэн тоо баримтыг тэрбээр дурдсан бөгөөд одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ердөө 22 багш доктор хамгаалсан байдаг аж. Бүр тодруулбал Монгол Улсад нийт 48577 орчим багш байгаагаас  ЕБС 28889 багш байна. Боловсролын зэргээр нь ангилбал 22 доктор 3350 магистр, 1790 баклавар байх жишээтэй. Үлдсэнийг нь дипломтой багш нар эзэлдэг байна. Монголын ирээдүй хойчийг бэлтгэдэг багш нарын хөгжил энэ мэт сул байгаа нь Монголын ирээдүйд л хортой.

Ер нь аливаа улсын хөгжлийн нууц нь боловсролын салбараа тэр дундаа багш нараа дэмжсэнд л байдаг. Тухайлбал, Сингапурын ерөнхийлөгч Ли Кун Яао-ын хөгжлийн гол нууц нь багшийн цалинг 3 дахин нэмсэн, Англи хэлийг үндэсний хэл болгосонд байх жишээтэй. Тэр нь яасан гэхээр дэлхийн боловсролыг авах гэхээр хэлний бэрхшээл хамгийн том садаа болоод байсан. Тэгэхээр нь англи хэлийг үндэсний хэмжээний хэл болгосон, үр дүнд нь 15 жилийн дараа Сингапур залуучууд англиар чөлөөтэй ярьдаг болж дэлхийн боловсролыг авах суурь нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, багшийн мэргэжлийн үнэлэмжийг гурав дахин өсгөснөөр хамгийн шилдгүүд л багш болж, тэр мэргэжлийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй болж ирсэн. Тухайлбал, манай оронд шүүгч, прокурорын цалин нэмснээр залуус энэ мэргэжлийг эзэмшихийн төлөө өрсөлддөг болсонтой яг адилхан.

Энэ бол өөрөө шүүгч болох хувь хүний сонирхлоос илүүтэй энэ мэргэжлийн цалин нь илүү төрийн баталгаагаар хангагдах юм байна гэдэг ойлголттой шууд хамааралтай. Яг үүнтэй адилхан багшийн мэргэжлийг төрийн баталгаагаар бүрэн хангаад, багшийн мэргэжлийн үнэ цэнийг өсгөөд нийгмийн баталгаагаар нь хангаж чадвал багш шиг сайхан мэргэжил байхгүй. Гэтэл өнөөдөр Монголын багш нар 480-хан мянган төгрөгийн цалинтай, нэг ээлжиндээ 40-50 сурагчдад хичээл заадаг ийм нөхцөл байдалд хөгжих боломж тун тааруу байна. Энэ мэт нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан тус хуульд багш нарийн өмнө тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэх талаар тусгасан бөгөөд энэ нь багш нарын талархлыг хүлээсэн байв.

Тухайлбал, Бага ангийн багш Б.Алтанцэцэг “Би гурван ч удаагийн засаг солигдохыг үзсэн багш хүн. Засаг солигдох бүрт л багш нарын асуудлыг ёс мэт ярьдаг нь эрхэм гишүүдийн гэм биш зан. Гэтэл өнөөдрийг хүртэл Багш нарын нийгмийн баталгааны асуудлыг хөндөж, хөгжлийн шийдэлтэй нь цуг тусгасан бие даасан хуульгүй явж ирсэн. Харин энэ удаа УИХ-ын эрхэм гишүүн Н.Учрал аргагүй боловсролын салбарт чанагдсан хүн учраас маш чухал хуулийг санаачиллаа.

Багш нарынхаа итгэлийг алдсангүй. Тус хуулийг санаачлахдаа маш олон хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж байсныг би мэднэ. Тэр бүрт нь “Монголын Залуу багш нарын холбоо”-оор дамжуулж саналаа өгч байлаа. Тиймдээ ч тус хуулийг Монголын багш бүрийн оролцоотой хууль болсон гэж бодож байна” гэв.



“Монголын Залуу багш нарын холбоо”-нд багш нар ам сайтай байх бөгөөд гишүүн Н.Учралын толгойлдог уг байгууллага үнэхээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн аж. Тухайлбал, нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн, 1,000 багшийн уулзалт, багш нараа сонсъё гээд олон ажлыг улс орон даяар зохион байгуулж байжээ. Энэ бүх ажлын үр дүнд Багшийн хөгжил, Нийгмийн баталгааны тухай хууль мэндэлсэн аж.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль” мэндэлж,  багш хэмээх эрдмийн талбарт сая нэг юм хур орж, хурсан олон алга ташиж, “ган тайлагдав”.

Ингээд олон зүйл нуршилгүй тус хуулийн онцлох заалтуудын талаар товчхон танилцуулгыг хүргэе.

Онцлох зохицуулалт: Туслах багш

Нөхцөл байдал:

Анги дүүргэлтийн стандарт 32-35 байх ёстой, Нийслэлийн хэмжээнд 1.4 дахин их буюу 45-61 байна /18-р сургуулийн сурагч хүчил төрөгчийн дутагдлаас болж ухаан алдсан тохиолдол гарсан/
3 ээлжээр хичээллэдэг 29 сургууль байна
Бага ангийн сурагч нэг бүртэй тулж ажиллах боломж байхгүй
Шийдвэрлэх арга зам:

Багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн хөтөлбөрт дадлагажигч багшаар ажиллах кредит цагийг тооцох замаар ЕБС-уудын бага ангийг туслах багшаар хангах
Зөвхөн 1-р ангид туслах багшийн орон тоог бий болгох
Монголын бүрэн дунд боловсролын тогтолцоонд “Туслах багш” гэсэн ойлголтыг бий болгоно
Хүрэх үр дүн:

Сургалтын чанар сайжирна
Багшийн ачаалал буурна
Эцэг эхчүүд, багш нарын талархлыг хүлээнэ
Онцлох зохицуулалт:-д суурилсан цалингийн систем

Нөхцөл байдал:

1 жил ажилласан 10 жил ажилласан багшийн үндсэн цалингийн зөрүү 4000-10000₮ байна. /ЗГ-ийн 2014 оны 75-р тогтоол: ТҮБД үндсэн цалин 535000₮/
Багшийн ур чадвараас хамаарахгүйгээр зөвхөн 5 жил ажилласны дараа мэргэжлийн зэрэг ахисан тохиолдолд цалингийн нэмэгдэл авах боломжтой,
Удаан жилийн нэмэгдэл авдаггүй
Шийдвэрлэх арга зам:

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийн нэвтрүүлэх замаар цалингийн урамшууллыг бий болгох
Мэргэжлийн зэргийг ажилласан жилээс бус суралцагч, эцэг эхийн сэтгэл ханамж, сургалтын амжилт, чанар, багшийн өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан ахиулах
Төрийн жинхэнэ албан хаагчдын адил удаан жилийн нэмэгдлийг олгож мужаан, үйлчлэгч зэрэг ажилчдаас ялгаж “Төрийн Тэргүүлэх Үйлчилгээний Алба” болгох
 Хүрэх үр дүн:

Багш мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэнэ
Боловсролын салбарт хүний нөөцийн тогтвортой байдал бий болно
ЕБС төгсөгчдийн дунд багшийн мэргэжлийг сонгох сонирхол нэмэгдэнэ
Багш нарын дунд өрсөлдөөн бий болж сургалтын чанар сайжирна
Онцлох зохицуулалт: Нийгмийн баталгаа

Нөхцөл байдал:

5 багш тутмын 2 нь өөрийн гэсэн гэр оронгүй байна
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авдаг бол илүү ачаалал ихтэй, өртөг өндөртэй нийслэлд ажиллаж буй багш нар авдаггүй
Зарим багш нар сургууль дээрээ амьдарч байна. Ж нь: 15-р сургууль дээр 2 багш амьдарч байна
Шийдвэрлэх арга зам:

Түрээсийн орон сууц, ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулах тусгай хөтөлбөрийг ЗГ баталж, хэрэгжүүлэх
Түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт тооцон судалж шийдвэрлүүлэх
Нийслэлд ажиллаж буй багш нарт 5 жил тутамд 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох
Хүрэх үр дүн:

Багш нарын орон байрны асуудал шийдэгдэнэ
Багш мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд, үнэлэмж нэмэгдэнэ
 Онцлох зохицуулалт: Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд

Нөхцөл байдал:

Багш нар хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байгаагаас ажлын бүтээмж буурч байна
Бага насны хүүхдүүдтэй харьцаж буй багш нар эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар 37% нь хамрагдаагүй байна. /Нэгэн багш сүрьеэгийн халдвар авснаас болж 30 гаруй хүүхдэд уг өвчний шинж тэмдэг илэрсэн/
Төрийн албан хаагчийн баталгаанд хүнд өвчнөөр өвдсөн тохиолдолд 60-аас доошгүй хувийг /Төрийн албаны тухай хууль 27.1.8/
 Шийдвэрлэх арга зам:

Багшийн хүүхдийг тэргүүн ээлжинд цэцэрлэгт хамруулдаг болгох
Төрөөс жил бүр багш нарыг эмнэлгийн оношилгоо, шинжилгээнд хамруулах
Төрийн албан хаагчийн баталгаагаар ижил тэгш хангах 27.1.8
Хүрэх үр дүн:

Багш нарын ажлын бүтээмж нэмэгдэнэ
Онцлох зохицуулалт: Багшийн хөгжил

Нөхцөл байдал:

Багш ажлын байран дээрээ хөгжих бололцоо байхгүй
Багшийг давтан сургах хөтөлбөр модуль хоцрогдсон
Монголын нийт ЕБС-д 29000 багш ажиллаж байгаагаас докторын зэрэгтэй 22, 12 орчим хувь нь магистрын зэрэгтэй байна. /2024 онд нийт багшийн 70%-ийг магистр зэрэгтэй байлгахаар тусгасан/
Хөдөлмөрийн зах зээл дэх боловсролын салбарын эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байна
Шийдвэрлэх арга зам:

Их дээд сургууль, ЕБС, СӨБ, МСҮТ-ийн дэргэд “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж, багш ажлын байран дээр мэдлэг боловсролоо тасралтгүй нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт сургалтын арга барилыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх
БМДИ нь Багшийн хөгжлийн төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж цахим сан үүсгэж, жил бүр багшийг давтан сургах хөтөлбөрөө орчин үеийн сургалтын арга барилын дагуу шинэчлэн боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна
СӨБ, ЕБС-ийн багш нарт их дээд сургуулиудын багш нарт олгодог жишгийн дагуу мэргэжил боловсролоо дээшлүүлэх цалинтай бүтээлийн чөлөө олгоно
Жил бүр ХНХЯ, БСШУСЯ хамтран боловсролын салбар дахь боловсон хүчний эрэлт хэрэгцээнд тулгуурлан, зохих шаардлагыг хангасан төгсөгчдөд багш мэргэжлээр суралцах тэтгэлэг олгоно.
Хүрэх үр дүн:

Хөгжсөн багш л хүүхдийг хөгжүүлж чаддаг
Сургалтын чанар стандарт сайжирна
Хүний нөөцийн залгамж чанар сайжирна
Монгол Улс түүхэндээ анх удаа энэ мэт багш нарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх Багшийн хөгжлийн тухай хуультай болох гэж байгаа нь сайшаалтай. Ингээд УИХ-ын гишүүн Н.Учралын “Боловсролтой нийгэмд л татварын орлого нь өсч, боловсролтой нийгэмд л шударга ёс оршиж, хүмүүс айж ичих зүйлгүй амар сайхан амьдрах нөхцөл бүрддэг. Харин боловсролын салбараа дэмжих нь багш нараа дэмжихтэй шууд хамааралтай. Яагаад гэхээр боловсрол гэдэг нь өөрөө багшийн хөгжилтэй шууд хамааралтай ойлголт юм” гэсэн үгээр нийтлэлээ энэ хүрээд дуусгая.