Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ
2017.05.30

Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ “Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. 8 захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, 8 нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм” хэмээв.

Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Боловсролын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хэллээ