Энх-Амгалан.Л Цогзолмаа.Ц 2017.05.30 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын долоон гишүүн 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Тус төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт" сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг анх удаа байгуулан ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. Түүнчлэн бүх яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд дэд зөвлөл байгуулан ажиллуулж байгаа аж. Мөн аймаг, дүүргүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулжээ. Дээрх зөвлөл энэ онд нэлээд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоо, хөгжлийн дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, холбогдох дүрэм журмыг боловсруулж буй талаар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хийгдэж буй ажлуудыг талаар Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Танилцуулгай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Боловсролын тухай болон бага, дунд боловсролын хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа