УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.05.31

Д.Тэрбишдагва: Ж.Батсуурийн туршлага бидэнд хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн юм.

Л.Одончимэд агсан огцрох үедээ хэлсэн үг санаанд орж байна. “Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг” гэж нэгэнтээ хэлж байсан. Ж.Батсуурь шиг УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, байнгын хорооны даргаар ажиллаж байсан, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн хэд байна гэвэл хуруу дарам байна. Өөрсдөө балчир байгаагаа мэдэхгүй бусад руу дайрдаг хандлага ажиглагдаад байгаа юм.

Яамны ажилчдын дунд “Сайд явдаг, бид үлддэг” гэсэн үг бий. Сахилга, хариуцлагыг дунд шатнаас нь эхлэхгүй юм бол сайд нартаа удирдагддаггүй олон хүн байна. Сахилга, хариуцлагыг Ж.Батсууриас эхэлсэн бол түүнээс доош сахилга, хариуцлага алдсан хүн хэдэн зуугаараа бий. Ж.Батсуурийг огцруулж, энэ хүнийг хаяж болохгүй. Энэ хүний туршлага бидэнд хэрэгтэй. Гэтэл одоо хэнд ч хэрэггүй мэтээр хандаж болохгүй.