УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.31

Ё.Баатарбилэг: Байгууллагын ой, салбарын арга хэмжээнд зориулдаг төсвийг танах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.31/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэлж, асуулт асуув. 

Ё.Баатарбилэг: Төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, алдагдлыг багасгах талаар тодорхой саналууд байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгалаа олоогүй байна. Энэ талаар байнгын хороодын хуралдаанаар ярьсан байх л даа. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсэг дээр нилээд ярьсан. Бүлгийн саналыг үндсэн чиглэлийн төсөлд хэр тусгасан бэ?

Яг одоо энд зарим яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар ирсэн байна. Энэ бол Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл. Энэ төслийг бодитой болгох тал дээр анхаарч ажилласан. Гэхдээ төсвийн зарлага тал дээр орон нутгийн төрийн байгууллагуудын урсгал зардлыг таная гэвэл танах зүйл үлдээгүй. Одоо бол хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ч хүндрэлтэй нөхцөл буюу бичгийн цаасаа хүртэл авч чадахгүй хэмжээнд ажиллаж байна.

Зардлаа бууруулна гэхээр төрийн байгууллагуудын урсгал зардлыг хасах тухай л яриад байдаг.

Төсвийн ерөнхийлөн захирагчдад зардлаа танах үүрэг чиглэл өгөхөөр урсгал зардлаа л танах гэдэг. Гэтэл урсгал зардлаас гадна хэмнэх шаардлагатай зардал бишгүй бий шүү дээ. Сүүлийн үед байгууллагын ой тэмдэглэх боллоо. Мөн салбарын томоохон арга хэмжээ нийслэл, орон нутагт ихээхэн зохиогдож байна. Энэ талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн шиг санагдах юм.

Байгууллагын ой, нэгдсэн арга хэмжээ байтугай нэг нэгнээ үдэх, тосох арга хэмжээг хязгаарлах талаар чиглэл өгсөн л баймаар. Байгууллага, салбарынхаа дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, түрүүлсэн бөх, тамирчдад бай шагнал гардуулж байгаа нь телевиз, сониноор гарах юм. Энэ мэт зардлаа танах хэрэгтэй.

Өчигдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр ажиллалаа. Өнгөрсөн жилүүдэд эхэлсэн дуусаагүй 730 гаруй барилга байна. Эдгээр барилгын ажлыг дуусгая гэвэл 1,1 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд хэрэв хөрөнгө мөнгийг нь шийдье гэвэл 2020 он хүртэл шинэ барилга байгууламж баригдахгүй юм. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт байхгүй.

Энэ 700 гаруй барилгын 500-аад обьект нь зам, гүүр, дэд бүтэц, нийтийн эзэмшлийн газар, граж зэрэг байна. Гэтэл нийгмийн эрэлт хэрэгцээтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь 70-80-аадхан байна. Тиймээс одоо дуусаагүй байгаа барилгыг царцаахыг нь царцааж, худалдахыг нь худалдаж эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвдөө нэн тэргүүнд суулгах хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй санал нэг байна. Аль болох зардал бууруулж, орлого нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй талаар байнгын хорооны хуралдаанаар ярьсан. Харин байнгын хороодоос ирсэн саналуудад зардлыг нэмэх тухай тусгасан байсан.

Зарчмын зөрүүтэй 61 санал хураахаас 24 нь дэмжигдээд, 37 нь дэмжигдээгүй. Учир нь орлого байхгүй, зарлага их гарч байвал үндсэн чиглэл биелэх боломжгүй болдог. Тиймээс байнгын хорооны гишүүдийн олонхийн санал аль болох зардлыг багасах, тэр дундаа эх үүсвэрийг зардлыг нэмэхгүй байхад чиглэсэн.

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд асуудлыг ерөнхий байдлаар авч үзэн төсвийн хүрээний мэдэгдэл дээр нарийвчилдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Байгууллагын ой, салбарын томоохон арга хэмжээ зохион байгуулж, хөрөнгө үргүй зарж байна гэдэгтэй санал нэг байна. Хэдхэн дарга нарт зориулж, стадион дүүрэн бөх барилдаад буй жишээ саяхан болсон. Байгууллагын тэгш ой тохиогоогүй бол 91, 92 жилийн ой тохиолоо гээд баяр тэмдэглэж байгааг анхаарах ёстой.