2017.05.31

Ё.Баатарбилэг: Нефть боловсруулах үйлдвэрт нэмэлт хөрөнгө шаардах уу?

Өнөөдөр /2017.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Зээлийн нэг тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ.

Ё.БААТАРБИЛЭГ: НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР НЬ ХЭР ӨГӨӨЖТЭЙ ВЭ?

Өмнө нь Дорноговь, Өмнөговьд төмөр зам барина гээд хэдэн зуун саяар нь шороо болгоод булсан. Нэг тэрбум доллар гэдэг бол их мөнгө. Миний ойлгож байгаагаар засгийн газар дээр, хөгжлийн банкан дээр маш олон төслүүд санхүүжилтээ хүлээж байна.

Нийгэмд, эдийн засагт үр ашгаа өгөх, өөрөө эргээд мөнгө үйлдвэрлэж зээлээ төлөх боломжтой, ажлын байр нэмэгдүүлэх маш олон төслүүд хүлээгдэж байна.

Нефть боловсруулах үйлдвэрт бүтнээр нь оруулах шийдвэр Засгийн газар дээр гараад, шийдвэрээ гаргачихсан юм уу? Тэр нь хэр үр өгөөжтэй төсөл юм бэ? Яг ямар субъект хариуцах вэ, Хувийн өмчийнх үү, төрийн өмчийнх үү? Тэр нь ямар хугацаанд зээлээ төлөх вэ? Энэ мэтчилэн асар олон асуудал тодорхойгүй байна.

1 тэрбум хөрөнгө оруулалт байх юм бол тавантолгой, төмөрзамтай болох том том төслүүд байна. Энэ төслүүд рүү орохгүй нефть боловсруулах үйлдвэр лүү бүгдийг хийлээ гэхэд нэмэлт хөрөнгө шаардагдах уу?

Нэг ажлыг хийнэ гэж эхлүүлчихээд 5 жил болсноо нэмэлт санхүүжилт шаардагдсан гээд зогсчихдог.

Нөгөө төлийн үр дүнг тооцож ч болохгүй, шаварт суучихдаг. Одоо өмнөх төмөр замын асуудал яг ингээд хариуцлага тооцож чадахгүй, 200 сая доллар булж хаясан. Тэрийг үнэлэх ч боломжгүй, улс авж ч болохгүй, хаяж ч болохгүй асар их мөнгө үрэн таран хийгээд дууссан. Энэний араас орох вий. Арай өөр бодитой зүйлд зарцуулж болох уу?

АЖЛЫН ХЭСЭГ: НЕФТИЙН ҮЙЛДВЭР 11 ЖИЛИЙН ДОТОР ӨӨРИЙНХӨӨ ӨРТГИЙГ БҮРЭН НӨХӨӨД, ЦААШИД АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

Үйлдвэр барихад нийтдээ 768 сая доллар, шугам хоолой татахад 258 сая доллар, нийтдээ нэг тэрбум ам.доллар гэсэн урьдчилсан тооцооллууд гарсан. Нийтдээ эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоод, 11 жилийн дотор өөрийнхөө өртгийг бүрэн нөхөөд, цаашид ашигтай ажиллах бололцоотой. Нефть бүтээгдэхүүний хувьд энэ үйлдвэрийг бүрэн хангаад явах боломжтой. Монгол Улсад нийт 330 орчим сая тонн нефтийн баталгаат нөөцтэй. Үүнээс үйлдвэрлэлийн баталгаат нөөцийг 42-оор тооцож байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд 2039-2040 он хүртэл энэ үзүүлэлтээрээ явагдана.

Засгийн газраас төрийн өмчит байгууллага байгуулсан. Үүний үйл ажиллагааг техник эдийн засгийн үндэслэлээс авахуулаад 2017 оноос эхлэн барилгын гүйцэтгэх ажлыг эхлүүлж 2021 онд дуусгана гэсэн чиг баримжаа аваад явж байна.