Л.Мөнхбаатар 2017.05.31 | Сайт: Vip76.mn

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.31/ Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг 2017 оны 4 дугаар сарын 20-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.

Байнгын хороо ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Батнасан, Б.Пүрэвдорж, Л.Энхболд болон ажлын дэд хэсэгт холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргажээ. Тухайлбал,

- Хэрэг бүртгэлтийг хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн прокурорын шийдвэрийг дээд шатын прокурор заавал хянах

- Баривчлагдсан, түр саатуулагдаж байгаа этгээдтэй прокурор биечлэн уулзах

- Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор гэм буруугүйн талаар дүгнэлт гаргах

- Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэсэн нэр томьёог холбогдох хуульд нийцүүлж тусгах

- Харуул хамгаалалтгүй болон гэрээгээр ажиллах хоригдлын материалыг хянаж, зөвшөөрөл олгох

- Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд прокурорын хяналтыг нэмж тусгах

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Прокурорын хяналт шалгалт, шүүгдэгчийг цагаатгасан ажиллагаа нь холбогдох бусад хуультай уялдсан эсэх, УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор цагдан хоригдсон этгээдийн өрөөг солих зөвшөөрөл олгох зохицуулалтыг бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тусгах зэрэг санал гаргажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Я.Содбаатар, Н.Учрал нарын гишүүд үг хэлж дууссаны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.