Гантулга.Д 2017.06.02 | Сайт: Vip76.mn

Д.Гантулга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтэд маш сайн таниулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Гантулга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.02/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга санал хэллээ. 

Д.Гантулга: Энэ бол парламентын гишүүдийн хувьд хамгийн чухал хийх ёстой зүйлийн нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй байх. Бид аливаад улс төрийн дүгнэлт хийж, бүх бурууг тогтолцоо руу чихдэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ асуудал шийдэгдэнэ гээд гацаадаг. Өмнөх парламент руу алдаагаа тохдог.

УИХ-ын гишүүнээр сонгогдон төрийн түшээгээр ажиллаж, хууль санаачлах эрхтэй атлаа шийдэл гаргахгүй зүгээр суугаад байдаг хэд хэдэн гишүүн байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төр түмнээ төлөөлж байгаа бол хөгжлийн зөв шийдэл гаргах нь зүйтэй болов уу. Хэрэв тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол чадахгүй гэдгээ гэж үүрэг хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Олон жил өөрчлөх тухай ярьсан ч хийж чадаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийх гэж байгаад баяртай байна. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон нийтийн сүлжээ, төрөл бүрийн хэлэлцүүлгүүдийн хэлбэрийг ашиглаж, олон нийтэд таниулах нь зөв байх гэж бодож байна. Зөвхөн нээлттэй хэлэлцүүлэг төдийгөөр хязгаарлаж болохгүй.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш сайн таниулах хэрэгтэй. Одоогийн тогтолцоо, хууль, дүрэм журмын гажуудлыг яаж засч сайжруулах талаар ойлголтыг бүх шатны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл орохоос эхлээд бүх насны хүн амд тэгш хүртээмжтэй таниулах хэрэгтэй гэж бодож байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг таван удаа Үндсэн хуулиа зөрчлөө гээд Үндсэн хуулийг 40 метр анносон дээр хэвлэж, улмаар Үндсэн хуулиа уншиж амжихгүй байгаа бол сонс гээд бүрэн эхээр нь аудио хэлбэрт оруулж УИХ-ын гишүүдэд тарааж байсан. Хэрэв Үндсэн хуулиа зөрчөөд байвал Үндсэн хуулиа оршуулъя.

Үндсэн хуулиа зөрчөөд буй албан тушаалтнуудыг огцруулъя гээд жагсаал хүртэл хийж байсан. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт нэн чухал шаардлагатай. Нөгөө талаас нэгэнт өөрчлөгдсөн Үндсэн хуульд халдах, зөрчих эрсдлийг хааж өгөх хэрэгтэй.

Н.Энхболд: Гишүүд ажлын хэсэгт орж ажиллах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгүүлэх үүрэг бүхий хэд хэдэн ажлын хэсэг гарч ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс орох бүрэн боломжтой, 100 хувь нээлттэй.

Ер нь уг ажлын хэсэгт орж ажиллан, Үндсэн хуулийн мөн чанарыг ойлгож, яагаад өөрчлөх шаардлагатай болох, Үндсэн хуулийн өөрчлөлт юунаас болж гацаад байгааг мэдэхэд илүү дөхөм болно. Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдийн саналаа илэрхийлээрэй.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр зохион байгуулалтын ажлаа эхлэхдээ гишүүдийн саналыг харгалзан үзнэ. Ажлын хэсэгт орж ажиллаад идэвхтэй байгаарай гэж хэлье.