Цогзолмаа.Ц 2017.06.02 | Сайт: Vip76.mn

Ц.Цогзолмаа: Улс төрийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.02/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн иргэдийг үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээсэй гэж хүсч байгаагаа илэрхийллээ.

Ц.ЦОГЗОЛМАА: МОНГОЛ УЛС 25 ЖИЛ ҮНДСЭН ХУУЛЬДАА ГАР ХҮРЭЭГҮЙ.

Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд бүхэлдээ дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байсан. Засаглалын эрх мэдлийн зөв хуваарилалтын асуудал дээр иргэд их санаа зовж байгаа. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр улс төрийн тогтворгүй байдал буюу төрийн албан хаагчдыг мэргэжилээр нь үе шаттайгаар дэмжиж ажиллуулах тал дээр иргэд их бухимдалтай байдаг. Улс төрийн нөлөөлөлгүй байх, төрийн албаныхаа мэргэшсэн байдлыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн байдал бол иргэдээ амар амгалан, ажил орлоготой, тайван амьдруулахад оршино.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр иргэд нааштайгаар хүлээж авах байх гэсэн хүлээлттэй байгаа. Гадаад орнууд Үндсэн хуулиа өөрчилдөг цаг хугацааг судалгааны байгууллагаас гаргаж ирдэг. Үүнийг аваад үзэхэд 17-18 жилийн хугацаанд Үндсэн хуулиа өөрчлөөд явдаг. Монгол Улс 25 жил Үндсэн хуульдаа гар хүрээгүй. Өөрчлөлтийг олон парламент дамжиж ярьсан боловч дорвитой өөрчлөлт хийгээгүй. Тиймээс өөрчлөлт хийх цаг нь болсон. Бид харин бэлтгэл ажлаа сайн хангаад, аргачлалын хүрээнд нилээд зүйлсийг дахин судалж, хэлэлцүүлгээ үр дүнтэйгээр хийх нь зөв.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn