Улаан.Ч 2017.06.02 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Нийгмээрээ нэг мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болоход энэ мэдээлэл чухал ач холбогдолтой

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Өнөөдөр /2017.06.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын 2017 оны санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг танилцууллаа. Мэдээллийг сонссон УИХ-ын гишүүн Ч.Улаан санал хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нийгэм, эдийн засгийн мэдээлэл сонсох нь өргөн агуулгатай, өндөр ач холбогдолтой. Учир нь эдийн засгийг улстөржүүлэхгүй байх гэдэг үүднээс энэ асуудлыг дэлгэн тавьж байгаа юм.

Нийгмээрээ нэг мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болсны үндсэн дээр сонгуульд оролцож, ард иргэд сонгогчдыг төөрөгдүүлэхээс сэргийлэхэд энэ мэдээлэл чиглэдэг. Угтаа бол УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаас нэг сарын өмнө уг мэдээллийг сонсох ёстой. Ингэж мэдээлэх нь хоёр зорилготой.

Нэгд, сонгуульд оролцох улс төрийн хүчин сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн бодит тоон мэдээлэлд суурилах бололцоо бүрдүүлж байгаа юм.

Хоёрт, сонгуулийн сурталчилгаа явуулах үед хүн бүр нэгдсэн нэг тоо, ойлголттой байх нь чухал. Улстөрчид дур зоргоороо мэдэгдэл хийж, сонгогчдыг төөрөгдүүлэхгүй байх бололцоог бүрдүүлж байна. Харамсалтай нь уг мэдээллийг сонгуулийн хугацаа тулсан, нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил хийх гэж байхад өгдөг нь учир дутагдалтай. Мөн нэр дэвшигчдийн сонгогчдын мөрийн хөтөлбөрт эдгээр бодит тоон мэдээлэл тусгалаа олж чадсангүй.

Уг мэдээлэл нь зөвхөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг үзүүлэлт биш. Ирэх дөрвөн жилд эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлгээ өгсөн байх ёстой юм. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууийн өмнө уг мэдээллийг сонсох ач холбогдлыг танин мэдэх нь зөв. Үүнээс хойш бид нэгдсэн нэг тоон үзүүлэтийг ярьж, бодлогоо уях ёстой, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч байх ёстой.

Эдийн засгийг улстөржүүлэх хандлагаас болгоомжлох хэрэгтэй. Монголын төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй.