Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
2017.06.02

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Гантулга, Б.Жавхлан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс  хоёр сарын хугацаанд аймаг орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулахад шаардагдах төсөв  тодорхой болсон эсэх, хэлэлцүүлэг хийх хугацааг нэг сараар хойшлуулах боломж байгаа эсэхийг  илүүтэй тодруулж байлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулбал  урьдчилсан тооцоогоор 14 тэрбум төгрөг хэмнэх байсан. Гэвч гишүүдийн зүгээс хөрөнгө төсөв хэмнэхээсээ илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ултай, суурьтай хандах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан.

Байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийх зардал мөнгөний талаар ярилцсан. Гэхдээ Улсын Их Хурлын тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг дээр дахин ярилцаж, төсөв хөрөнгөний асуудлыг тодорхой тооцож шийднэ” хэмээн хариуллаа. Мөн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан учраас 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд хийхээр болсон. 

Гэхдээ гишүүд та бүхэн хэлэлцүүлэг хийх хугацааг хойшлуулах эсэхээ шийдэх биз” гэж байв. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталъя” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  87.8 хувь нь дэмжлээ.