Энхболд.М Д.Тогтохсүрэн 2017.06.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

 Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, “Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авсан болно. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Улмаар хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар байхаар тогтлоо” гэдгийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.