Монгол Улс 2011 оны 7 дугаар сараас Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын даргын үүрэг гүйцэтгэнэ
2010.10.01

Монгол Улс 2011 оны 7 дугаар сараас Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын даргын үүрэг гүйцэтгэнэ

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын /АХНО/ Удирдах зөвлөлийн дарга Пол Грахам тэргүүтэй Азийн орнуудын иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч  уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар 2011 оны 7 дугаар сараас эхлэн АХНО-ны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх юм. Олон улсын хэмжээнд өндөр нэр хүнд бүхий энэ үүрэгт ажлыг хэрхэн бэлтгэж зохион байгуулах асуудлаар яриа өрнүүлсэн юм. Уулзалтад  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,  Д.Одбаяр, Г.Баярсайхан нар, БНСУ,Филиппин, Хятад, Пакистан, Энэтхэг,  Камбожи, Монголын иргэний байгууллагуудын төлөөлөгчидтэй ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, байгаль хамгааллын асуудлаар харилцан ярилцаж санаа бодлоо солилцлоо.

 

АХНО-дын Удирдах зөвлөлийн дарга Пол Грахам хэлэхдээ,  бидний уулзалтад УИХ дахь МАХН-ын бүлгийн төлөөлөл  хамтран оролцож буйд талархая гээд танай улс 100 гаруй улс орныг нэгтгэдэг АХНО-дын даргын үүрэг гүйцэтгэх болсон нь Монгол улс ардчилсан хөгжлийн үлгэр жишээ загвар орон болсныг нотолж буй хэрэг юм. Ардчиллыг цаашид төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллая гэлээ.

 

Д.Лүндээжанцан, Монгол улс Ази тив дэх ардчиллын үлгэр жишээ орон гэдгийг онцолж АХНО-дын даргын үүрэг хүлээлгэсэн нь бидэнд өндөр хариуцлага ногдуулж байгаа хэрэг гэж ойлгож байна. Хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хуульчилсан монголчуудын хувьд ардчилсан нийгмийн байгууламжуудын үйл ажиллагааг  үр дүнтэй болгох, ядуурал, ажилгүйдлийг багасгах, ард түмний амьдралын түвшинг сайжруулах гээд урьдаас илүү их ажил хүлээж байна. Монголын төр засгийн болон иргэний байгууллагууд та бүхэнтэй хамтран иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн төлөө бүхий л  хүчин чармайлт гаргана гэдгээ  УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч хэлсэн юм гэж УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.