Содбаатар.Я 2017.06.02 | Сонин: Улстөрийн тойм сонин

Я.Содбаатар: Хөдөлгөөн өрнүүлж, Удирдагчаар нь ажиллаж явлаа

Я.Содбаатар: Хөдөлгөөн өрнүүлж, Удирдагчаар нь ажиллаж явлаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Хүний амьдралын  мартагдашгүй, давтагдашгүй үе нь хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэв. Иймээс “Хүүхэд нас ” булангийн зочноор УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ярьж, цөөн хором ярилцсан юм.

-Өвөрхангай аймагт төрж өссөн тухай намтраас тань уншнж байсан. Мөн онц сурлагатай хүүхэд байсныг тань зарим хүнээс дуулж байлаа. Хүүхэд насны тань дурсамжийг сөхөж, энэ тухай хөөрөлдөхөөр уулзаж байгаа маань энэ л дээ?

-1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгсөж байлаа. Миний хүүхэд нас Орхон голын эрэг, Их хаадын түүхэн хөндийд өнгөрсөн гэж болно. Математик, физикийн олимпиадад байнга оролцдог, таны хэлдгээр онц сурлагатнуудын нэг байсан. Ахлах ангидаа аймгийн математикийн олимпиадын аварга болж, улсын математикийн олимпиадад оролцож байсан сайхан дурсамж санаанд бууж байна.

-Тухайн үед нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэж ангийнхан тань хэлдэг юм билээ. “Хэнхэг” байжээ дээ?

-Нийгмийн идэвхтэй, сурлага сайтай хүүхэд байсан. Миний үеийнхэн намайг сайн мэднэ дээ. Дөрөвдүгээр ангид байсан шиг санаж байна, манай ангийн багшийг Төмөр гэдэг байлаа. Тухайн үед ахмад настнуудад туслах хөдөлгөөн өрнүүлж, “Тимурчуудын хөдөлгөөн” гэж нэрлэсэн юмдаг. Оросын нэрт зохиолч Аркадий Гайдарын зохиол “Тимур ба түүний команд” номонд гардагчлан энэ хөдөлгөөнийг санаачилж, удирдагчаар нь ажиллаж, олон ч хүнд тусалсан.

-“Хүүхдийн хөдөлгөөн болгож улс даяар өрнүүлж байсан ажил таны санаачилга байсан юм уу?

-1987 онд Монголын пионерын байгууллагын залгамжлагч VI чуулганд оролцож санаачилсан уг хөдөлгөөнийг “Хүүхдийн хөдөлгөөн” болгож улс даяар өрнүүлэх ажлыг эхлүүлж байсан. “Монголын үнэн” сонинд ярилцлага өгч, пионерын байгууллагын томоохон шагналуудыг авсан. Мөн есдүгээр ангидаа ахлах ангийн хүүхдүүдийн “Идэрчүүдийн холбоо”-г байгуулахад оролцож байлаа.

-Хөвгүүд хөдөлгөөн ихтэй. Тэр дундаа дээрээ ахтай хүүхдүүд даруулгатай байх нь элбэг. Та хэр дүрсгүйтдэг байсан бэ?

-Хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөдөлгөөнтэй гэдэг нь дүрсгүй, эвдэж сүйтгэдэг гэдэг утгаар биш юм. Харин аливаад уриалан  дуудагч, манлайлагч байлаа. Ямартаа л хөдөлгөөн тэргүүлж, олон хүүхдийг эгнээндээ нэгтгэн, хүмүүст тусалдаг байсан. Мэдээж хааяа гэмгүй дүрсгүйтнэ. Тухайн үед “Авралын од” гээд Орос кино гардаг байлаа. Эрх чөлөөний тэмцлийн тухай. Кинон дээр тостой поошиг өнхрүүлж байсныг хараад дугуй шатаан өнхрүүлж дүрсгүйтээд сургуулийн захирлын зөвлөлөөр орж билээ. Тэр явдалдаа гэмшсэн гэж жигтэйхэн.

-Пионерын туг цоолчихож байсан гэсэн шүү дээ, та?

-Монголын пионерын байгууллагын залгамжлагч VI чуулганд оролцохдоо туг залах хүндтэй үүрэг хүлээж аваад тугийг нь хариуцсан юм. Тэгсэн медалиуд ирдэггүй. Сандраад, медаль зүүхэд бэлэн болгож байгаа нь энэ гээд тугийг нь баахан цоолчихож билээ. Гэтэл гавьяат багш Төвшинтөгс ирээд учиргүй их загнасан. Тухайн үеийн тугны одонгууд сүлбээр зүүтэй байсныг мэдэлгүй аав ээжийнхээ зүүдэг одон шиг санаж цоолж буруудаж байхгүй юу.

-Та их нөхөрсөг хүн бололтой юм. Ангийн найзууд тань таныг үргэлж хүрээлж байдаг. Үүсгэн байгуулсан компанийн тань захирлаар хүртэл ажилладаг юм билээ?

-Хүүхэд насныхаа анд нөхөдтэй одоог хүртэл хамт ажиллаж, ойр дотно нөхөрлөж ирлээ. Тэд маань намайг их дэмждэг, тусалдаг амьдралын маань түшиг тулгуур  болдог. Багын найзуудтайгаа хамтдаа байна гэдэг хүн бүрт тохиохгүй сайхан зүйл. Хамгийн үнэт баялаг юм.

-Магадгүй та хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж хэлэх дуртай юм шиг. Учир нь ингэж хэлж байхыг тань олон сонсож байлаа. Мөн шаггүй сайн тогооч гэл үү?

-1980 онд эмээ маань бурхан болоод хөрш суманд амьдардаг өвөөдөө хань болон очиж байсан. Тэр үед зургаан настай байлаа. Өвөөдөө хань болохын зэрэгцээ бие дааж сурсан даа. Ер нь эцэг эх маань зааж хэлж сургахаасаа илүү амьдрал хүнийг сургадаг байсан юм болов уу. Багаасаа гэрийн ажилд тусалж, ажил хөдөлмөр хийх нь хүүхэд төлөвшихөд чухал юм байна гэж ойлгодог. Манай ээж эмнэлэгт ажиллана, хааяа тулаа хийж гэртээ нэг, хоёр хоног ирэхгүй.

Аав багш мэргэжилтэй, орой багшлаад, өглөө улс төрийн сонсголтой гээд яваад өгнө. Тиймээс ар гэрийн ажил ах бид хоёр дээр бууна. Дүү нараа хооллоно, хувцаслана, гэрээ цэвэрлэхээс эхлээд аахар шаахар, том жижиг бүх ажил, асуудлыг зохицуулагч болдог байлаа. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж үнэн. Бие даах чадвар сууж, өөртөө итгэлтэй болдог юм болов уу. Аав ээж хоёр маань юманд хүлээцтэй хандаж бай гэж их захидаг байсан.

-Бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярыг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Аль болох гэр бүлтэйгэй өнгөрүүлэхийг хичээдэг. УИХ-ын гишүүний хувьд тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулахаас эхлээд ажил мундахгүй. Тойргийнхоо амьдралын боломж муутай хүүхдүүдийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт аваачиж баярлуулах үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг. Энэ жил ч сумдынхаа хүүхдүүдийг Хөгжлийн хүрд ТББ-тай хамтран аймгийн парк дотор тоглуулж тэмцээн зохион, бэлэг гардуулж өгсөн. Үүнийхээ дараа гэр бүлдээ цаг зав гаргана даа.

-Хүний хэзээ ч мартагдашгүй дурсамжуудын нэг нь анхны хүүхдээ өлгийдөж авах. Аав болсон тэр үеийн мэдрэмжээ хуваалцахгүй юу?

-1998 онд манай том үүрээр хархорины эмнэлэгт төрж байсан. Шөнөжин хүлээсэн, аав боллоо гэх мэдрэмж эр хүн бүрийн дотор баяр баяслаар дүүрэн сайхан мэдрэмж байдаг юм билээ. Их хаадын өлгий нутаг, энерги ихтэй газарт том хүүгээ өлгийдэж, авсандаа тун их баяртай байдаг. Хүү маань долдугаар сарын 13 нд буюу наадмаар төрсөн. Улсын наадам телевизээр үзэж, тавын даваа явж байлаа. Тэр жил сайн ноён ханы том ой болж байсан. Ийм билэгдэлтэй өдөр хорвоод мэндэлсэн хүүдээ Сайн ноён ханы аавын нэрийг хайрласан даа.