Монголчууд  эрүүл мэнддээ хандах  оюун  санааны хувьсгалыг  хийх хэрэгтэй байна.
2011.04.18

Монголчууд эрүүл мэнддээ хандах оюун санааны хувьсгалыг хийх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бичиж байна

 

Бидний цөөхөн Монголчууд хүнсний баталгаат байдлаа  хангаж, эрүүл хоол, хүнсний бодлогоо зөв тодорхойлж  хэрэгжүүлэх, тогтолцоогоо  зөв бүрдүүлж,  хууль эрх зүйн орчноо боловсронгуй  болгох зайлшгүй шаардлагатай байна.

 

Монголчуудын маань  дунд  өвчлөл их, тэр тусмаа хорт хавдраар өвчилж, насан эцэслэж байгаа хүний тоо Ази Номхон далайн  бүс нутагтаа дээгүүрт орсон сэтгэл эмзэглүүлсэн  судалгаа гарсан.

 

Хүнсний эрүүл ахуйн хяналт,  бодлого зохицуулалт, хэрэгжилтийг  сайжруулах шаардлага байгаа нь  төрөл бүрийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт  өвчин  ихсэх хандлагаар илэрч  байгаа тухай хэвлэл  мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаад бид дүгнэлт хийх ёстой.

 

Эрүүл хоол, хүнсний  чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид,  мэргэжилтнүүд, хүнсний бараа  бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг, борлуулалт хийдэг хүмүүсийн санал бодлыг сонсож, хууль эрх зүйн орчныг яаралтай боловсронгуй  болгох шаардлагатай байна. Бид хүнсний  аюулгүй байдлын чиглэлээр их ярьж, бага зүйлийг хийж байгаа учраас  үр дүн  нь тодорхойгүй байна.

 

Ихэнх  өвчний шалтгаан хоол хүнсэнд байдаг. Иймээс макробиотекийн шинжлэх ухааныг  мянга мянган хүн  судлаж, амьдралын хэв маяг болгож чадсанаар эрүүлжиж, аз жаргалтай амьдрах амьдралаа өөрсдөө бий болгож чадаж байна.

 

Монголчууд бидний өвөг дээдэс ч гэсэн хоол хүнсээ зөв хэрэглэж, арга  билэг, өгөх авахын ухаанаар амьдарч байсан  уламжлалыг бид судлаж, эрүүл мэндээ хамгаалах ёстой л доо.

 

Эмчилгээгүй болсон олон хүмүүс эрүүл хоолоор эмчиглэгдэн  үр дүнгээ өгч байгаа  арга ухаан, туршлагыг  судлаж, энэ чиглэлийн  боловсон хүчнийг бэлтгэх,  иргэдээ  эрүүл хоол хүнс хэрэглэх  зөв аж төрөх зан үйлд  сургаж  мэдлэг олгох,  сургалт, сурталчилгаа  хийх, судалгаа шинжилгээний ажил  хийж байгаа хүмүүсийг ч төрөөс дэмжих  асуудал  чухал байна .

 

Цаашдаа бид  эрүүл мэнддээ хандах  оюун санааны хувьсгалыг  хийж, эрүүл  амьдрах  арга ухааныг түгээн ойлгуулж,   Боловсролын тухай хуульдаа  нэмэлт  өөрчлөлт оруулах замаар  ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт  тусгах  шаардлагатай  байна.

 

Монгол хөрс шороонд ургасан  органик эрүүл  хүнсний бүтээгдэхүүн  үйлдвэрлэж буянтай  ажил  хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг төрөөс татварын  бодлогоор  дэмжиж, дотоод зах зээлээ хангахаас гадна  гадаадад экспортлох боломж ч бидэнд байгаа. Импортын  сэтгэлгээнээсээ  салж, органик  бүтээгдэхүүн  үйлдвэрлэж, хоол хүнсэндээ хэрэглэж  чадвал хоол маань бидэнд эм болж урт наслах боломжтой гэж боддог.

 

Монголынхоо эрүүл  хөрс шороонд ургасан  төмс, улаан сонгино, бүтэн гурил, лууван гэх мэтийн олон хүнсний бүтээгдэхүүнээ  дотоодынхоо зах зээлээс авч хэрэглэх болсон   давуу талаа  төрийн  бодлого зохицуулалтаар сайн дэмжиж өгмөөр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.