Д.Тэрбишдагва 500 сурагчдад “ЗААГ” номоо бэлэглэлээ
2017.06.06

Д.Тэрбишдагва 500 сурагчдад “ЗААГ” номоо бэлэглэлээ

Өнөөдөр Төрийн ордонд “ 12 дахь хавраа үдье” арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн,Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва санаачилж ЗДТГ, НИТХ-н төлөөлөгч Б.Цолмон, дүүргийн Боловсролын хэлтэс, 76-р дунд сургуультай хамтран зохион байгуулав.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 67, 76, 104, 124, Чандмань зэрэг сургуулиудын төгсөх ангийн 500-аад сурагч оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдага энэхүү арга хэмжээг 7 жил дараалан зохион байгуулж байгаа аж. Мөн өөрийн бичсэн “ЗААГ” номоо 500 сурагчдад бэлэглэж, мэргэжлээ зөв сонгох, ажилсаг, хариуцлагатай байж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүслээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлэхдээ “

Хийж бүтээх, сайн сайхан аж төрөх, өөрсдийнхөө бүхэл бүтэн амьдралынхаа цаг хугацааны нэгэн чухал, бүр маш чухал шийдвэрийг гаргах эргэлт буцалтгүй мөчтэй Та нар нүүр тулаад байна. Тэр бол мэдээж, мэргэжлээ сонгох. Найз нөхөд, аав ээж, ах дүү нартайгаа олуулаа хэлэлцэх хэдий ч хүсэл сонирхолтой байх л тухайн мэргэжилдээ амжилт гаргахын үндсийн үндэс.

Та бүхэнд байгаль эхээс, өөрийн төрсөн эцэг эхээс цаанаасаа заяасан ямар нэг авьяас чадвар байгаа гэдэг бол гарцаагүй. Түүнийгээ таньж, дэмжин тэтгэж мэргэжлээ уялдуулж өгөх хэрэгтэй. Авьяас чадварыг их хөдөлмөрөөр дэмжсэн цагт л их амжилт олно. Монгол түмэн “залхуу хүнээс жаргал дандаа зугтдаг” хэмээн сургасан байдаг бол өөр нэгэн суутан “залхуурал бол ядуурлын эцэг” хэмээн тодорхойлсон нь угтаа нэг л зүйлийг өгүүлээд байгаа хэрэг.

Үнэхээрийн өндөр боловсролтой, өв тэгш соёлтой, хүүхэд залуус хараад бахархаж, үлгэр авмаар хүн болъё гэвэл хүн төрөлтхний оюуны өв их хөрөнгө ном судартай нөхөрлөх хэрэгтэй юм. 
Оюун ухааны ундрага нь хэзээний л ном байсан, цаашдаа ч тийм л байх болно. Ном бол бүтээлч сэтгэлгээний өдөөгч хүчин зүйл юм гэдэг үг зүгээр нэг цэцэрхэл биш, ном уншихгүй бол хүний уураг тархи хатангиршиж хатна, юм санаж сэрэхээ болино, тэр хэрээр хүн өөрөө амьд байгаа хэдий ч хатуухан хэлэхэд үхдэл болно гэсэн сануулга яах аргагүй мөн.

Цаг л гарвал, бүр цаг гарахгүй ч байсан яаж ийгээд өдөр тутам өөрөөсөө, амьдрал ахуйгаасаа цаг зав олж, ном уншихад ядаж өдөртөө нэг цаг зориулж байгаарай гэж хүүхэд дүү нартаа захия!

Номтой холбон онцлон хэлэхэд, “эрдэм мэдлэгийн их далайд чөлөөтэй сэлэхэд юунд ч торж тээглэдэггүй аварга хүчит, аврал болсон сэлүүртэй болъё” гэвэл гадаад хэл туслана.

Тэр дундаа тэрчигээрээ хүн төрөлхтний өнө мөнхийн архив болсон оюуны их өв санг тээгч дэлхийн том хэлүүдээс сорчлон сурахыг чухалчлан мэрийх хэрэгтэй. Энэ талаар Монгол түмэнд хэзээнээсээ нааш дурдах түүх, бахархах жишээ яндашгүй баян бий. Бидний өтгөс дээдэс өөрийн монгол хэлээ төгс төгөлдөр эзэмшихийн зэрэгцээ хэзээнээсээ нааш тухайн үеийнхээ гадаад тулгуур хэлийг сурч судлаж, тэр хэлээр оршиж байгаа оюуны их баялгийг нь өөрийн орондоо наашлуулан идээшүүлж ирсэн түүхтэй.

Хэдэн зуун боть Ганжуур Данжуур хэмээх хөлгөн их судрыг л гэхэд а, б-гүй эх хэлнээ орчуулж, төвд хэлийг өөрийн эх хэл шигээ сурч, шүлэг зохиолоо туурвиж явсан холын түүхийг биш юмаа гэхэд, Бямбын Ренчин, Чой. Лувсанжав зэрэг өдий төдий бичгийн их хүмүүсээ цухас эргэн саная. Б.Ренчин гуай л гэхэд Юлиус Фучикийн “Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл” зохиолыг эх хэлнээс нь монгол хэлнээ буулгахын тулд чех хэл сурч байсан гэдэг. Ренчин гуай арваар тогтохгүй хорьд хоригдохгүй гадаад хэл сурч судалсан хүн байжээ.

Чой.Лувсанжав гуайг гадаад оронд гадаад хэлээр эрдмийн зэрэг хамгаалахад нь эрдмийн зэрэг хамгаалах тэрхүү хурлыг удирдаж байсан мөн л гадаадын нэг том эрдэмтэн “та бүхэн өнөөдөр эрдмийн зэрэг хамгаалж байгаа Монголын энэ эрдэмтнээс өрнийн найм, дорны таван хэлээр асуух юмаа асууж болно, таны асуултанд тэр хэлээр тань эргээд хариулах болно” хэмээн хэлж байсан тухай домог гэхээр яриа бий.

Тэр их олон хэлийг төгс эзэмшсэн энэ их хүмүүс юу гэж сургаж байсан гэхлээр “гадаад хэлийг гадарлах биш бүр доторлож сур” хэмээн захиж байсан байдаг юм. Энгийн хар үгээр хэлбэл, халтар хултар сурсан нэр битгий зүү, бүр нэг сурсан шиг сур гэж захисан хэрэг.

Та нар минь ч гэсэн өөртөө өндөр зорилго тавиад дэлхийн том хэлүүдээс төгс төгөлдөр сураарай. Нэг хэлээ сураад дахиад өөр нэг хэл сурахад морь юүлээд унах шиг л болно” гэлээ.

104-р дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Ч.Цэнджав

“Өнөөдрийн арга хэмжээнд сэтгэл дүүрэн байна. Би урлагтай хайртай. Уран нугараач. Хэдийгээр тийм боловч ирээдүйд сэтгүүлч мэргэжилтэй болохоор төлөвлөөд байгаа.Тиймээс мэргэжлээ сонгоод шалгалтандаа эрчимтэй бэлдэж байгаа” гэв.

104-р сургуулийн захирал Д.Энхжаргал

“Дунд сургуулиа дүүргэж байгаа сурагчид мэргэжил сонгохдоо ихэвчлэн бие биенээ дагах дуурайх явдал их байдаг. Сүүлийн жилүүдэд салбарын яам, Боловсрлын газар, ЕБС-ууд хүүхдүүдийн мэргэжил сонголтонд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдийн сонирхол, идэвхийг харгалзан үзэж, мэдээллээр түлхүү ханган зөвлөхөд анхаардаг болсон байна. Хүн мэргэжлээ зөв сонгоно гэдэг маш чухал. Ийм эгзэгтэй сонголт хийх мөчид нь сурагчдад зөв мэдээлэл түгээж, туршлагаасаа хуваалцаж байгаад талархууштай байна” гэлээ.