Л.Мөнхбаатар 2017.06.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан.

Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн”, мөн зүйлийн 23.2.3-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж тус тус заасны дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Танилцуулгтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх зүйн орчин шинэчлэгдэж буйтай холбоотойгоор прокурорын байгууллагын орон тоо, төсөв нэмэгдэх эсэхийг тодрууллаа. Эрүү, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр ялын төрөл нэмэгдэж, үүний зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарч буйтай холбоотойгоор орон тоо нэмэх шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав. Гэхдээ улс орны эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг тооцож орон тоо нэмэхгүйгээр одоогийн бүтцээрээ ачааллаа зохицуулж ажиллахаар бэлтгэл хангаж байгаа, харин эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед орон тоо нэмэх шаардлагатай хэмээн тооцсон байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал бий эсэхийг Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөллөөс асуулаа. Төсөлд хэрэгжүүлэх боломжгүй, хүндрэлтэй зохицуулалт байхгүй хэмээн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулав. Ингээд Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.