Х.Баттулгатай холбоотой хэргийг ил болгохыг шаардлаа
МАН-ын Сонгуулийн төв штабаас
2017.06.06

Х.Баттулгатай холбоотой хэргийг ил болгохыг шаардлаа

МАН-ын Сонгуулийн төв штабаас өрсөлдөгч намын нэр дэвшигч Х.Баттулгын талаар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ сонгуулийг шударга байгаасай гэж хүсэж байна. Сүүлийн гурван сонгууль дараалан МАН-ын 60 тэрбумын гэх яриа гарах болсон. Сонгууль болгоноор энэ нь хар PR-ын зэвсэг болсон.

Энэ асуудалд цэг тавьж шалгуулах ажлыг өнөөдөр хууль хяналтын байгууллагаас шаардаж байна. 

Хоёрдугаарт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой элдэв эрүүгийн гэмт хэргийн асуудал сүүлийн 2-3 жил хэвлэлээр яригдсан. Үүнийг ил болгож, шалгуулахыг иргэд, сонгогчид олонтоо биднээс шаардаж байсан. 

Монгол төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа хариуцлагатай цаг үед энэ асуудлыг ил болгооч гэж хүсэж байна. Бид өнөөдөр энэ шаардлагыг хууль хяналтын байгууллагад албан ёсоор өгч байна.

60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг бид сайн шалгуулна, сайн ярина. 

Х.Баттулгатай холбоотой хэргүүдийг ямар шалтгаанаар удаашруулан шалгаж байгааг тайлбарлахыг шаардаж байна" гэв.

"60 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ХУУЛЬ ХЯНАЛТААР ШАЛГУУЛААД ЭВЛҮҮЛЭГ, ГҮТГЭЛЭГ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН"

н.Мөнхбат "Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх хүртэл хугацаанд гүтгэсэн, гүжирдсэн олон асуудал гарсан. 

Гүтгэсэн, ярьсан хүмүүс нь захиалгаар ярьсан гэдгээ ч нотолж байгаа. 

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гүтгэхээс илүү гурван сая иргэнээ яаж сайхан амьдруулах вэ гэдгээ ярих ёстой. 

Тийм ч учраас өнөөдөр 720 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг гурван жилийн хугацаанд шийдэхгүй байгаатай холбогдуулан МАН-ын залуучуудын байгууллагаас шаардаж байна. 

Ийм их мөнгийг төрөөс шамшигдуулсан, завшсан байх магадлалтай учраас олон нийтэд ил болгохыг шаардаж байна. 

60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно"

Тэд өнөөдрийн шаардлагаа ТЕГ, АТГ-ын даргад хүргүүлнэ гэв.

МАН-ын Сонгуулийн төв штабаас