Энх-Амгалан.Л Цогцэцэг.А Очирбат.Д 2017.06.08 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ТӨВ ЕВРАЗИЙН ШИМ ТЭЖЭЭЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

ТӨВ ЕВРАЗИЙН ШИМ ТЭЖЭЭЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Манай улсад 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Евразийн шим тэжээлийн анхдугаар чуулган "Монголын хүн амын шим тэжээлийн байдал" сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэллээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Төв Евразийн хоол тэжээл, газар нутаг, цаг агаар, зан заншил зэргээрээ ижил төстэй орнууд оролцож байгаа нь харилцан туршлага солилцох, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Шим тэжээлийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтаас гарах зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон Байнгын хороодтой хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Тэрээр цааш хэлэхдээ, Эрүүл мэндээ хамгаалахад хоол тэжээлийн зүй зохистой хэрэглээ нь бага өртөгтэй хэрнээ хамгийн үр дүнтэй арга байдаг. Хүн хоол тэжээлээс авч байгаа шим тэжээлийн чанараас өвдөх эс өвдөх эсэх нь шалтгаалдаг. Манай улсад ходоод, гэдэсний замын өвчлөл нийт өвчлөлийн эхний тавд явж байна. Тиймээс өнөөдрийн чуулган ач холбогдлоо өгч тухайн өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Энэхүү чуулганаар Монгол улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, эдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийн тархалтын талаар авч үзэж, Төв Еврази дахь шим тэжээлийн ижил төстэй тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, тэдгээрийг Монгол улс болон бүс нутгийн түвшинд бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хэрэгжүүлэхэд бүс нутгийн судлаач, эрдэмтэд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нягт уялдуулах зорилгоор Казахстан, Тажикстан, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, ХБНГУ, Швейцар, Япон зэрэг улс орнуудаас эрдэмтэн судлаачид оролцож байна.