“Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
2017.06.07

“Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хуралдаанаар дээрх УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдэгдэл гаргах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэн. Дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд албан ёсоор хүргүүлнэ.

Ажлын хэсэг шалгалт хийхдээ Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл “...Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ..” гэснийг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 27.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж, Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд халдаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгслийг нь үгүйсгэн, жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийн мөн чанарыг ойлголгүй, тэдгээрийг хэрэгжүүлсэн Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтган үзсэн мэргэжлийн бус дүгнэлт гаргасан” хэмээн мэдэгдэж холбогдох тайлбаруудыг хийлээ.

Үүний дараа Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт, тус дүгнэлтэд дурдагдсан зарим мэдээллийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Д.Дамба-Очир нар лавлан асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд УИХ-ын дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.