Энхбаяр.Ж Мөнх-Оргил.Ц 2017.06.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд үг хэлэх гишүүн гарсангүй. Түүнчлэн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.